Уншиж байна ...

УБТЗ "Монгол бахархлын өдөр"-ийг бахархам амжилтаар угтлаа

ikon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр тохиож байгаа “Монгол бахархлын өдөр”-ийг Замын-Үүд  зангилааны төмөр замчид бахархам амжилтаар угтлаа.  Манай улсын хилийн гол боомт болох Замын-Үүдийн төмөр замчид цар тахлаас үүдэлтэй хүндрэлийн улмаас алдсан боломжоо нөхөж, Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө  шаргуу ажиллаж байгаа юм. Тус зангилааны төмөр замчид энэ сарын 21-ний өдөр нэг ээлждээ 363 вагон ачиж, ачилтын дээд амжилтыг тогтоолоо. Энэ нь вагон эргэлтийг түргэтгэж, төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд үлэмж тустай юм. Тус зангилааны төмөр замчид энэ сард ачилтын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоогоод байгаа бөгөөд энэ сарын 5-нд нэг ээлждээ 327 вагон ачсан бол ердөө 6 хоногийн дараа 336 вагон ачиж амжилтаа ахиулаад байсан юм.

зураг
 

“-Ачилтын дээд амжилт ийнхүү удаа дараа ойр ойрхон тогтоосон явдал нь Замын-Үүд зангилааны төмөр замчид төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө зорилгодоо зангидсан гар шиг нэгдмэл хүчтэй байж чадсаны үр дүн юм. Монгол бахархлын өдрийг Замын-Үүд зангилааны төмөр замчид ажлын өндөр амжилтаар угтаж байгаадаа баяртай байна ” гэж Замын-Үүд зангилааны дарга Сугирбаатар тэмдэглэн хэллээ.

Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Цар тахлын халдварын улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэг хоногт 6 хүртлээ огцом буураад байсныг УБТЗ-ын удирдлага шаргуу ажилласны үр дүнд дахин 14 болгож хэвийн хэмжээнд нь хүргээд байгаа юм. Удахгүй болох Орос-Монгол-Хятад гурван улсын хэлэлцээгээр галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцүүлэх саналаа УБТЗ-ын зүгээс хүргүүлжээ.     

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.