Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ыг Европын Холбоо “терроризмыг ивээн тэтгэгч улс”-аар зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ыг “терроризмыг ивээн тэтгэгч улс” ангилалд оруулах санал хураалт өчигдөр Европын Холбооны парламентад зохион байгуулагдаж, олонхын саналаар дэмжигджээ.

Хэдийгээр энэ нь бэлгэдлийн чанартай арга хэмжээ ч есөн сар үргэлжилж буй Украины дайны үеэр Оросын зэвсэгт хүчний үйлдсэн гэмт хэргийг шүүхэд тус дэм болох юм.

Евро парламентаас гаргасан мэдэгдэлд энэхүү шийдвэр нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэргийн шүүх хурлаар оруулах хууль эрх зүйн үндэслэл болох боломжтойг онцолжээ.

Парламентын гишүүдийн 494 нь саналыг дэмжиж, 58 нь эсэргүүцэж, 44 нь түдгэлзсэн байна.

“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэглэмийн Украины энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй харгислал дээр үндэслэн Европын парламентын гишүүд Орос улс нь терроризмыг ивээн тэтгэгч улс болохыг хүлээн зөвшөөрлөө. Оросыг терроризмын ивээн тэтгэгч улсаар зарласнаар парламентын гишүүд Путин болон түүний засгийн газрыг олон улсын шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Гэхдээ Путинийг дайны гэмт хэрэгтэй холбогдуулан шүүх нь хууль эрх зүй талаасаа нэлээд хэцүү болохыг зарим мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Урьд өмнө нь аль нэг улсын төрийн тэргүүнийг дайны гэмт хэрэгт холбогдуулан шүүж байсан тохиолдол бий.

Тухайлбал Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Шүүх хуучин Югославын ерөнхийлөгч Слободан Милошевичийг геноцид, дайны гэмт хэрэгтэй холбогдуулан шүүж байжээ. Гэвч хэдэн жил үргэлжилсэн шүүх хурлыг дуусахаас өмнө Милошевич 2006 онд Гаагийн шоронд зүрхний шигдээсээр нас барсан юм.

 

Эх сурвалж: Business Insider