Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Жаргалбаатар: Хувийн хэвшлийнхний ₮8 тэрбумаар барьдаг барилгыг улсын төсвөөр барихад ₮20 тэрбум болчихдог

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АТГ-ын нийт шалгаж байгаа гомдол мэдээллийн 10 хувь нь барилгын салбартай холбоотой байна. Гэхдээ энэ нь бодит байдал дээр илүү их гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар өнөөдөр болсон "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

"Тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлигын гэмт хэргүүд маш түгээмэл үйлдэгдэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр энэ тухай хэлэхээ "Барилгын салбарын авлига гэхээр бид зөвхөн барилгатай холбоотой гомдол мэдээллийг бүртгэдэг. Гэтэл цаана нь барилгын материалаа гаднаас хямд төсөр үнээр оруулж ирж, их хэмжээний ашиг олох зорилгоор гааль, татварын байцаагч нарт хахууль өгдөг асуудлууд ч энэ салбартай холбоотой байдаг.

Тухайлбал, газар олгодог эрх бүхий албан тушаалтантай холбоотой хэргүүд барилгын салбарт бүртгэгддэггүй ч үнэндээ тухайн газруудад нь хууль бусаар барилга баригдчихсан байх асуудал бий.

Мөн тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлигын гэмт хэргүүд маш түгээмэл үйлдэгдэж байгаа. Түүнчлэн барилгын зураг төсөл нь батлагдаагүй байхад төсөв мөнгө нь улсын төсөвт суучихсан байдаг жишээ бий. Төсөв батлагдсаны дараа гүйцэтгэгч нь сонгон шалгарах ёстой байхад аль хэдийн барилгын ажил нь эхэлчихсэн явж байдаг" гэлээ.

Түүнчлэн хувийн хэвшлийнхний найман тэрбумаар барьсан барилгатай яг ижил хэмжээтэй барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барихад 20 тэрбум болчихдог гэдгийг онцолсон юм.

Тодруулбал, төрөх эмнэлгийн барилгыг хувийн хэвшлийнхэн тоног төхөөрөмжтэй нь найман тэрбум төгрөгөөр бариад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсад хүлээлгэж өгч болж байхад яг үүнтэй адилхан хүчин чадалтай эмнэлгийг улсын төсвөөр барихад 20 тэрбум төгрөг зарцуулагддаг. Энэ 12 тэрбум төгрөгийн зөрүүг бид авлига гэж харах уу, ашиг гэж харах уу. Энэ мэтээр барилгын салбарын авлигын бодит тоо хэмжээ хэтэрчихсэн байгаа гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн "Нэг захиалагч байгууллага гэхэд үнэлгээний хороогоо өөрөө томилдог, техникийн тодорхойлолтоо өөрөө гаргаад тааруулаад хийчихдэгээс гадна улсын комисс, хяналтын инженерээ өөрөө томилчихдог. Ингэснээр ямар ч хяналтгүй, чанаргүй бараа материалаар барилга босож байна. Үүнээс барилгын салбарынхан авлигад өгсөн мөнгөө чанаргүй бараа материал ашиглаж гаргаж авч байна гэж хардаж болохоор.

Хатуухан хэлэхэд, барилгын салбарын авлига газар авч, нийтийн албан тушаалтнуудад авлига гэдэг зүйлийг хамгийн таатай орчныг бүрдүүлсэн гэх дүр зураг харагдахуйц болчихсон байна. Барилгын салбарын батлагдаж байгаа төсөв үнэхээр бодит байдалд нийцэх үү үгүй юу гэдэг асуудлыг анхаарах шаардлагатай" гэсэн юм.

Дээрх асуудлуудыг таслан зогсооход барилгын салбарт мэргэшсэн, ёс зүйтэй инженерүүдийг бэлдэх ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байгаа аж. Гэтэл мэргэшсэн инженерүүд ямар хэмжээнд бэлтгэгдэж байгааг судлахаар шүүхийн нээлттэй мэдээллийн сангаас харахад, инженерүүдийг бэлтгэдэг сургуулийн багш нар нь хүртэл оюутнуудаасаа хахууль авч, дүнг нь тавьдаг жишээ байсныг тодотгов.

Түүнчлэн авлига хэт их газар авч, барилгажилт, буруу төлөвлөлтөөс болж хотоо шилжүүлсэн 10 улс орны жишээ байдаг гэдгийг ч эрх бүхий байгууллагаас мэдээлсэн юм.

"Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгын ажлуудын ихэнх нь зогсчихсон"

Мөн Барилгын компанийн төлөөлөл “Манай салбарт авлигатай холбоотой асуудал байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн ёс зүйг дээшлүүлэх шаардлагатай байгаа нь үнэн. Түүнээс гадна, сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотойгоор зарим барилгын материалын үнэ 2-3 дахин өссөн. Энэ нь барилгын компаниудад том цохилт болсон. Өнөөдөр манай барилгын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл, тэр дундаа орон сууцны зэрэг ашиг сайтай төслүүд л явж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгын ажлуудын ихэнх нь зогсчихсон. Үүний улмаас өнөөдөр 600 гаруй барилгын компани ямар ч ажилгүй байна” хэмээн ярив.

"Зөвшөөрөлгүй барилга барьсан асуудлаар 66 аж ахуйн нэгж шалгагдаж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АТГ-ын Ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “АТГ зам, барилга эрчим хүч дээр адилхан аргачлалаар хууль тогтоомж зөрчиж байгаа асуудлыг танилцуулж байгаа. Энэ нь  зураг төсөл нь хийгдээгүй байхад тендер сонгон шалгаруулалтад ордог, зураг төсөл нь хийгдээгүй байхад яаж төсөв нь батлагдаж байна вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна.

Зураг төсөл нь хийгдээгүй байхад тендер сонгон шалгаруулалтад ордог, тендер нь сонгон шалгараагүй байхад барилга гүйцэтгэгддэг. Гүйцэтгэж байгаа барилгуудыг судлаад үзэхээр төсвийг нь үндэслэлтэйгээр судлаагүй, тухайн барилгын чанар хийц, стандартын шаардлагыг хангахгүй барилгууд ихэнхдээ баригддаг.

Өнөөдрийн илтгэлд дурдагдсанаар, хувийн хэвшил барилгыг чанартай бариад, төрийн байгууллага барилга захиалж гүйцэтгэхдээ чанаргүй барилга хүлээж авдаг нь үнэн.

Тухайлбал, зургаан давхар эмнэлэг барина гээд зураг төсөл нь хийгдсэн байхад гүйцэтгэл нь хэрэгжээд дуусахаар таван давхар эмнэлэгт болчихдог. Үүний шалтгааныг тендер сонгон шалгаруулалт гүйцэтгэхдээ зураг нь гараагүй байсан. Гүйцэтгэгч нь зургаа хийж, барилгаа барих явцад анх тавигдсан мөнгө нь дутсан гэсэг тайлбар тавьдаг. Эхлээд зураг төсөл уралдаанаар шалгарч, дараа нь төсвийн төсөлд сууж, тендер сонгон шалгаруулалтад орсны дараа гүйцэтгэл хийгдэж, улсын комисс хүлээж авах ёстой. Гэтэл энэ бүх дараалал өнөөдөр манайд эсрэгээрээ явж байна" гэв.

Мөн АТГ 2021 онд ЦЕГ-тай хамтран зөвшөөрөлгүй барилга барьсан, зураг төсөлгүй тендер сонгон шалгаруулалт хийгдсэн болон чанаргүй барилгуудтай холбоотой шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр одоогоор 66 аж ахуйн нэгж шалгагдаж байгааг онцолсон юм.

Тухайн аж ахуйн нэгжийн хохирлын хэмжээг одоогоор шинжээч томилсон ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн "ХБХЯ-наас гаргасан төсвийн мэдээлэл дээр АТГ дүн шинжилгээ хийхэд, нийт худалдан авалтын 23-25 хувь нь зураг төсөлгүй тендерт орсон гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, зураг нь гараагүй байхад яаж төсвийг нь бодсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Энэ нь өөрөө тухайн барилгыг барьж дуусгахад төсөв нь нэг бол дутна, эсвэл илүү гарна гэсэн үг. Төсвийн хулгай гэдэг зүйл бол энэ мэт үйл ажиллагааны буруу дараалалтай, хяналт, зохион байгуулалтгүй байдлаас болж байгаа.

Цаашид 2023 онд зураг төсөлгүй барилгыг гүйцэтгэж болохгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Мөн барилгын ажил гүйцэтгэлийн түүхийг гарга гэх шаардлагыг АТГ-аас тавьж байгаа. Удаа дараа барилгын ажил гүйцэтгэсэн, мөн хугацаанд нь гүйцэтгээгүй, авлигын эсрэг болон эрүүгийн хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн бол тендер сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна" гэв.