Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-ын дотоод асуудлаас шалтгаалан дэлхий нийтээрээ дизель, бензиний хомсдолд орж байгаа нь Монгол Улсад нөлөөлж байна"

А.Намуун, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80,000 тонн. Үүний 60 хувийг ОХУ-ын "Роснефть" компани нийлүүлдэг бол үлдсэн 40 хувийг бусад худалдааны компаниуд нийлүүлдэг. "Роснефть" компанийн нийлүүлэлт хэвийн.

ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор трэйд компаниудын үйл ажиллагааг нэлээд хязгаарласан байгаа. Энэ шалтгааны улмаас дизель түлшний түр зуурын хомсдол өнгөрсөн өдрүүдэд үүслээ. Трэйд компаниудын үйл ажиллагааг түр хязгаарласан тушаалыг ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Сорокиноор ахлуулсан ажлын хэсэг гаргасан юм байна лээ.

Хоёр дахь үндсэн шалтгаан нь зуны түлшнээс өвлийнхөд шилжих процессоос шалтгаалаад манай улсад дизель түлш нийлүүлдэг Ангарскийн үйлдвэрт долоон хоногийн завсар бий болсон. 

Гуравдугаарт ОХУ-ын дотоод асуудлаас шалтгаалан дизелийн түлшний эрэлт энэ саруудад жилийн дунджаас маш их хэмжээгээр нэмэгдсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ дизель, бензиний хомсдолд орж байгаа нь Монгол Улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

"Роснефть" компани түлшний нийлүүлэлтээ гэрээнд заасан хэмжээгээрээ өгч байгаа. Арваннэгдүгээр сард 48,000 тонн түлш нийлүүлэх гэрээтэй. Тус компанид хүсэлт тавьсны үр дүнд 67,000 тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

ОХУ-аас 19,000 тонн дизель түлш замдаа ирж яваа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дизелийн түлшний нөөц 11 хоног буюу 27,800 тонн. Нөөцөд манай улсын бүх ШТС-д байгаа шатахуун, Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар хот руу ирж байгаа бүх шатахуун ордог.

Цаашдаа яах вэ гэдэг асуулт гарна. Арванхоёрдугаар сард "Роснефть" компаниас 83,000 тонн дизелийн түлш авах гэрээ байгуулсан. Тодруулбал трэйд компаниудаар дамжихгүй, Ангарский болон Нижний Вортокский үйлдвэрээс ачигдаж ирнэ. Ирэх сард бүх зүйл хэвийн болно. "Роснефть" компани нийлүүлэлтийг цаг хугацаанд нь нийлүүлэхээ мэдэгдсэн.

Гэхдээ тээвэрлэлтийн эрсдэл бий. ОХУ-ын төмөр замын дотоод ачаалал нөхцөл байдлаасаа шалтгаалан их байгаа бол манай улсынх дотоод асуудал болон урд хөршийн тэг Ковидоос шалтгаалан их байна.

Манай улсын шатахуун нийлүүлдэг хувийн компаниуд БНХАУ-аас түлш импортлох асуудлыг хөөцөлдөөд ойролцоогоор 8,000 тонн ачигдан замдаа явж байна.

Хятадаас дизелийн түлш авахгүй байгаагийн шалтгаан нь үнэтэй холбоотой. "Роснефть" компанийнхаас хямд үнэ санал болгох боломжгүй учраас БНХАУ-аас дизель түлш импортолдоггүй" гэсэн мэдээллийг өглөө.