Уншиж байна ...

Үйлдвэр байгуулахаар судалж байгаа Азийн орнуудын нэгэнд Өмнөд Солонгос яригдаж байгааг Илон Маск хэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр Тесла компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Масктай видео холбоогоор ярилцжээ.

Энэ үеэр Юн Сүк Ёл ерөнхийлөгч Ази тивд шинээр нээхээр төлөвлөж буй Тесла цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрийг Өмнөд Солонгост байгуулах хүсэлтээ илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Илон Маск энэ асуултад хариулахдаа анхаарлын төвд буй орнуудын нэгэнд Өмнөд Солонгос байгааг дуулгаад эцсийн сонголтыг хийхээс өмнө улс орнуудын хөрөнгө оруулалтын орчин, ажиллах хүчний чанар, технологийн түвшин, дэд бүтэц зэргийг харьцуулж судлах ёстойг тайлбарлажээ.

Ямартай ч Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээндээ илүү их хамруулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа Маск тус улсын ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.

“2023 онд бид Өмнөд Солонгосын компаниудаас $10 гаруй тэрбумын эд анги авах тооцоотой байна. Цаашдаа танай улсын компаниудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно” гэж Маск хэлснийг Хөх ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Юн Сүк Ёл засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж байгаагаа энэ үеэр дэлхийн хамгийн баян эрхэмд дуулгасан байна.

Одоогоор Өмнөд Солонгосын LG Energy Solution компани Японы Panasonic Corp Holding, Хятадын Contemporary Amperex Technology Co компаниудтай зэрэгцэн цахилгаан автомашины батарейг Тесла компанид нийлүүлдэг юм.

 

Эх сурвалж: Reuters