Уншиж байна ...

Б.Батдаваа: Мэдээлэл цуглуулах аргыг цахимжуулснаар 800 сая төгрөг хэмнэсэн

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулах нь зорилго биш шаардлага болоод удаж байна. Үйл ажиллагаагаа цахимжуулсны үр дүнд тодорхой мөнгө санхүү, цаг хугацаа хэмнэж байгаагаа Үндэсний Статистикийн Хороо мэдээлжээ. Энэ талаар тус хорооны дарга Б.Батдаваагаас тодрууллаа.

-ҮСХ тооллого, судалгаандаа таблет ашиглаж, үр дүнд нь ажлын бүтээмж сайжрахаас гадна бодит хэмнэлт бий болгосон гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ онд зохион байгуулсан 10 жилд нэг удаа явуулдаг Хөдөө аж ахуйн тооллогод бид 100 хувь таблет ашиглахыг зорьсон. Үүний үр дүнд цаасан маягт хэвлэх болон мэдээллийг шивэх ажлын зардал болох нийт 800 сая төгрөг хэмнэж чадсан байна. Таблет ашигласнаар цаасаар цуглуулсан мэдээллийг компьютерт оруулах гэж цаг үрэхгүй, судалгаанд тухайн сонгогдсон өрх хамрагдаж байгаа эсэхийг gps-ээр хянах, таблетэд оруулж буй мэдээлэлд алдааны шалгалт газар дээр нь хийх зэрэг олон давуу талтай. Ирэх оноос Швед, Австралийн жишгээр түүвэр судалгаанд хамрагдсан өрх мэдээллээ цахим хуудас ашиглан өгч болдог байх сонголтыг нэвтрүүлэхээр зорьж байна.

-Нийгэм, эдийн засгийн байдлыг ҮСХ судалж, статистик мэдээ гаргадаг. Хөдөө орон нутагт мэдээлэл цуглуулахад юунд анхаарч байна вэ? 

-Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын 21 аймгийн өнцөг булан бүрд хүрч ажиллах шаардлагатай байдаг учраас энэ оноос эхлэн автомашин, тоног төхөөрөмжүүдээ GPS системд холбосон. 21 аймагт байгаа статистикийн хэлтсүүд сард дунджаар 2,000-3,000 км зам туулж, ойролцоогоор аймаг тус бүр 250 айл, өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулдаг. Автомашин, тоног төхөөрөмждөө GPS байршил заагч суурилуулж, статистикийн таних тэмдэгтэй болгосон. Ингэснээр хөдөө хээр утасны сүлжээгүй газар явах тохиолдолд ажилчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ статистик мэдээллийг заасан байршлаас цуглуулж технологийн давуу талыг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Мөн мэдээлэлд тухай бүрд нь хяналт тавихад хялбар болсон.