Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын зарим компаниуд үнийн дээд хязгаар тогтоохыг хүлээж, Оросоос газрын тос худалдан авахаа түр зогсоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд удахгүй ОХУ-ын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоохоор бэлдэж байгаа.

Ингэсний үр дүнд дэлхийн улс орнууд ОХУ-аас газрын тос худалдаж авахдаа үнийн тодорхой хязгаараас хэтрүүлбэл Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлэх юм.

Харин ОХУ-ын засгийн газар үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлсэн улс орнуудад газрын тосоо нийлүүлэхгүйг урьдчилан анхааруулж байгаа.

Украины дайн эхэлснээс хойш Оросын газрын тосны гол худалдан авагч нь Хятад, Энэтхэг улсууд болоод байгаа билээ. Тэгвэл Хятадын зарим компаниуд ирэх сарын эхээр зарлагдах төлөвтэй байгаа үнийн дээд хязгаарын шийдвэрийг хүлээж, Оросоос газрын тос худалдаж авахаа түр зогсоогоод байгаа тухай Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Оросын ESPO (Eastern Siberia Pacific Ocean) түүхий газрын тосны хэд хэдэн тээвэрлэлт арван хоёрдугаар сарыг хүлээн худалдан авагчгүй зогсож байгаа тухай тус агентлаг мэдээлсэн байна.

Эдийн засгийн хоригт шахагдсан Орос улс газрын тосоо Хятад, Энэтхэг зэрэг орнуудад хямдралтай үнээр нийлүүлж буй. Хятадын компаниуд үнийн хязгаар тогтоосноор илүү хямдруулах боломжтой гэж тооцоолж байгаа ажээ.

Өрнөдийнхний авах арга хэмжээ нь нэг талаас газрын тосны зах зээлийн үнийн өсөлтийг хязгаарлах, нөгөө талаас Украины дайныг санхүүжүүлэх Москвагийн эрх баригчдын чадавхыг сулруулах зорилготой юм.

 

Эх сурвалж: Business Insider