Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

30 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс ихэр хүүхдүүдийг төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 30 гаруй жилийн өмнө хөлдөөж хадгалсан үр хөврөлөөс саяхан АНУ-ын Теннеси мужид ихэр хүүхдүүдийг амжилттай төрүүлсэн байна.

Энэ нь түүхэнд хамгийн удаан хугацаанд хөлдөөсөн үр хөврөлийг амжилттай хүн болгосон тохиолдол болж байгаа гэнэ.

Ихрүүдийн үр хөврөлийг 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Цельсийн -128 хэмийн шингэн азотод хадгалж байжээ.

Орегон мужийн иргэн, дөрвөн хүүхдийн эх Рэчел Рижвэй ихрүүдийг аравдугаар сарын 31-ний өдөр төрүүлсэн юм байна.

Өмнө нь 1,200 гаруй хүүхдийг ийм аргаар төрүүлж байсан АНУ-ын Үр хөврөлийн Хандивын Үндэсний Төв (NEDC) энэ тохиолдлыг өөрийн дээд амжилт гэж мэдээлжээ.

Тус байгууллагад бүртгэгдсэн өмнөх дээд амжилтыг 27 жил хадгалсан үр хөврөлөөр 2020 онд хүүхэд төрүүлсэн Молли Гибсон хэмээх эмэгтэй эзэмшиж байсан гэнэ.

Ихрүүдийн үр хөврөлийг нэрээ нууцалсан нэг гэр бүлийн хосоос IVF (In Vitro Fertilisation) аргаар үүсгэж байжээ. Эцэг нь 50 гаруй насны эрэгтэй, донор эмэгтэй нь 34 настай байсныг NEDC мэдээлсэн байна.

2007 онд тухайн гэр бүл хүүхэд төрүүлэхгүй байхаар шийдэж, хадгалуулсан үр хөврөлөө бусдад хандивлахаар (үрчлүүлэхээр) NEDC-д хандаж байжээ.

Ихрүүдийн эцэг болж буй Филип Рижвэй “Лидиа, Тимоти хоёрт бурхан амьдрал бэлэглэж байхад би таван настай байжээ. Тиймээс тэд манай отгон хүүхдүүд хэдий ч нөгөө талаас ууган хүүхдүүд болж байна. Үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл болж байна” гэж хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC