Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын ерөнхий сайд “Их Унгар”-ын газрын зурагтай ороолт зүүж, хөршүүдээ хилэгнүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Унгарын үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд Виктор Орбан улсынхаа газар нутгийг өргөжүүлж дүрсэлсэн газрын зурагтай ороолт зүүж, хөл бөмбөгийн тэмцээн үзсэн нь хөрш Румын, Украин улсуудын улс төрчдийг бухимдуулжээ.

Түүний зүүсэн ороолт дээр дэлхийн нэгдүгээр дайнд Австри-Унгарын хаант улс ялагдахаас өмнөх газар нутаг болох “Их Унгар”-ыг дүрсэлсэн юм байна.

Румын улсын засгийн газар Орбаны үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа Бухарест хот дахь Унгарын элчин сайдын яамаар дамжуулан илэрхийлжээ.

Украины засгийн газар бас Унгарын талаас албан ёсоор уучлал гуйх шаардлагыг элчин сайдын яаманд нь хүргүүлсэн байна.

Хөл бөмбөгийн ДАШТ-д оролцож буй шигшээ багийнхаа эхний тоглолтын үеэр Орбан ийм ороолт зүүсэн байсныг түүний албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн дүрс бичлэгээс харж болохоор байв.

Румынд 1.2 сая, Украины баруун хязгаарт 150,000 орчим унгар үндэстэн оршин суудаг. Өмнө нь Орбан дээрх улсуудад үндэсний цөөнх болдог унгарчуудын үндэсний соёл уламжлалыг хадгалах бодлого явуулах гэж оролдоод эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Хуучин Унгарын нутагт бас одоогийн Австри, Хорват, Серби, Словакийн зарим хэсэг багтдаг байжээ.

Фэйсбүүк хуудсандаа Орбан өөрийн шигшээ багийг “хаана амьдарч байгаасаа үл хамааран бүх унгар хүмүүсийн баг” гэж тодорхойлоод “Хөл бөмбөг бол улс төр биш. Тиймээс үүнийг өөрөөр харцгаая” гэж бичсэн байна.

Виктор Орбан нь хэвлэлийн эрх чөлөө, цөөнхийн эрх ашгийг зөрчдөг, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай гэсэн шалтгаанаар Европын удирдагчдад байнга шүүмжлүүлдэг.

Тэрбээр Европын Холбооны үнэт зүйлсийг хөсөрдүүлдэг хэмээн өөрийг нь шүүмжилдэг Брюсселийн эрх баригчдыг эрх мэдлээ хэтрүүлж, гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт хэт хутгалддаг гэж хариу шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж; BBC