Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй "Эрэл" компанид холбогдох шүүх хурал 18 дахь удаа хойшлов

Р.Оюун
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн Банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан ч дахин хойшилжээ.

Ийнхүү 2019 онд тус компанийг Хөгжлийн Банк шүүхэд өгч, 2020 хэрэг үүсгэснээс хойш гурван жилийн хугацаанд шүүх хурал нийт 18 дахь удаа хойшилж байгаа бөгөөд бүгд "Эрэл" компанийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон байна.

Өнөөдрийн тухайд "Хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй буюу гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч нараас шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул хуралдааныг хойшлуулсан" хэмээн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэв. 

"Эрэл" компани нь гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан байдаг. Тодруулбал, 

  • 2013 оны наймдугаар сарын 16-нд 14 сая ам.доллар  
  • 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд 13.4 сая евро 
  • 2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд 9 сая ам.долларын зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэг нэг ч төгрөг эргэн төлөөгүй байна. 

Улмаар зээл болон хүү, алдангийн дүн өнөөдрийн байдлаар 197 тэрбум төгрөг болжээ.

Энэ талаар Хөгжлийн Банкны захирал Н.Мандуул "Өдрийн сонин"-д ярихдаа "“Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй. Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой биз дээ. Гэтэл “Эрэл” ХХК улс надад ажил өгөхгүй байна гэж яриад яваад байдаг. 

Хөгжлийн банкны зээл олголтыг харахаар энгийн нэг банк нэг компанид зээл өгөөд зээлийн гэрээ байгуулчих асуудал биш. Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авхуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг. Бид асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа хойшилсон жишээ ч байна. Бид шууд очоод барьцааны эд зүйлээ авч чадахгүй. Заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой. Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна л гэж харж байгаа. Энэ мэт зүйлд төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой" хэмээн хэлсэн байдаг.