Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Смарт таун-1 орон сууцны төсөл төлбөрөө 100% урьдчилж авчхаад, дахиад ам метр тутамд ₮800 мянгыг нэхэмжилж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Анд ноёд" компани "Смарт таун-1" орон сууцны төслийнхөө гэрээний үүргээ биелүүлэхгүй захиалагчдыг хохироож байгаа асуудлаар иргэд мэдээлэл хийлээ.

2019 оны дөрөвдүгээр сард захиалга өгөхдөө 100 хувь төлбөрийг нь төлсөн 128 айлаас дээрх компани дахин орон сууцны талбайн ам метр тутамд 800 мянган төгрөг нэхэмжилж байгаа нь цэвэр луйвар гэж хохирогчид хэллээ.

"Бидний худалдаж авсан орон сууцыг Анд ноёд компани ₮3.5 тэрбумын банкны барьцаанд тавьсан байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай хохирогч иргэдийн төлөөлөл тайлбарлахдаа "Анд ноёд компанитай бид анх 2019 онд 100 хувь төлөлттэйгөөр орон сууцны гэрээ хийсэн. Ингэхдээ 2020 оны зургаадугаар сард орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчдад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээгээ байгуулсан юм. Гэтэл одоо хүртэл бид байрандаа орж чадаагүй, түрээсийн байр дамжин амьдарч байна.

Тухайн компани ажил цалгардсан асуудлаа эхлээд цар тахал, үнийн өсөлттэй холбож байсан бол одоо бүр Орос Украины дайнтай холбон тайлбарлаж байна.

Захиалга өгснөөс хойш тэд нэг ч удаа албан ёсны хурал хийж, захиалагчдад нөхцөл байдлаа танилцуулаагүй мөртлөө өнгөрсөн сарын 28-нд А блок байрны 128 айлууд руу нэгэн зэрэг мэдэгдэл явуулсан байдаг.

Тус мэдэгдэлд, орон сууцны ам метр тутмынхаа үнийг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон тул гурав хоногийн дотор хариу зөвшөөрсөн мэдэгдлээ өгөх хэрэгтэй. Өгөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, байруудыг борлуулалтад оруулна гэсэн байна. Иргэд 100 хувь мөнгөө урьдчилж төлсөн байхад дахиад ам метр тутамдаа 800,000 төгрөг нэхэж байгааг гайхаж байна.

Энэ нь тухайн компани гэрээнд заасан "100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд үнийн өсөлт хамаарахгүй" гэсэн заалтаа зөрчсөн үйлдэл.

Өнөөдөр миний амьдардаг нэг өрөө байрны сарын түрээс нь 800,000-1,000,000 төгрөг. Хамгийн багадаа ийм хэмжээний түрээсийн төлбөрийг захиалагч айлууд гурван жил төлж, алдагдалд орсон байхад дахиад ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь увайгүй явдал.

Түүнээс гадна, "Анд ноёд" компани бидний төлсөн мөнгөөр орон сууц барьчхаад, хуулийн дагуу 100 хувь бидний худалдаад авчихсан орон сууцыг огт хэлэхгүйгээр 3.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна. Тэд банканд тавьсан өрөө захиалагч нарыг хохироож төлүүлэхээр санаархаж байна" гэлээ.

Уг асуудлаар хохирогчдын төлөөлөл ХУД-ийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ХЭҮК, Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаа аж.

"Захиалагчдаас авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай хохирогчдын өмгөөлөгч н.Билгүүнзаяа “Анд ноёд компани орон сууцны хотхоныг 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах бөгөөд ам метр тутмын үнэ нь 990 мянган төгрөг байна гэж гэрээнд тусгасан. Мөн захиалагч 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд ямар ч шалтгаанаар үнэ өөрчлөгдөхгүй гэдгийг гэрээндээ оруулжээ.

Гэвч орон сууц ашиглалтад орох хугацаанаас хойш одоо хоёр жил, зургаан сар өнгөрсөн байхад захиалагч нараас дахиад мөнгө нэхэж байгаа нь хаана ч байхгүй, шударга бус, хуульд нийцээгүй үйлдэл. Үүнийг захиалагчид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхэд өмчлөгчийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Мөн тухайн компанийн захиалагчдаас авсан мөнгө яг тухайн орон сууцны төсөлд зарцуулагдсан уу эсвэл зориулалтын бусаар зарцуулагдсан уу гэдгийг болон захиалгатай байруудад давхар захиалга авсан эсэхийг холбогдох журмын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулна” гэв.

"Захиалсан байраа ашиглалтад орохыг хүлээж байгаад бурхан болсон тохиолдол бий"

Түүнчлэн захиалагч нарын төлөөлөлд эмэгтэй эсвэл настай хүмүүс уулзахаар очихоор Анд ноёд компанийн захирал хөөж гаргадаг. Тухайн байрыг ашиглалтад орохыг хүлээж байгаад харж чадалгүй бурхан болсон хэд, хэдэн тохиолдол захиалагч нарын дунд бий гэдгийг иргэд онцолж байлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн төлөөлөл "Зарим айл 100 хувь төлж чадаагүй, 98 хувь төлбөрөө хийсэн юм билээ. Гэтэл тухайн хүмүүс рүү үлдэгдэл төлбөрөө өгөхийг эхэлж шаардаад, төлбөрөө 100 хувь болгож төлснийх нь дараа дахиад ам метр тутамд 800 мянган төгрөгөөр нэмж төлбөр авна гэдгээ хэлсэн.

Захиалагч нараас босгосон мөнгөөр 98 хувь болтол барилгаа босгочхоод одоо нэмж мөнгө төл эсвэл өөр хүнд борлууллаа гэж байгааг нь цэвэр луйвар гэж үзэж байна” гэв.

Түүнчлэн тус компанийн менежер нь байр зарах зар одоог хүртэл тавьсаар байгаа. Тухайн зарах байрууд нь өөрсдийнх нь үү эсвэл бидний захиалсан байрыг давхар зарах гээд байгаа эсэхийг нь мэдэхгүй. Тиймээс Яармагийн оргилын ард байрлах 16 давхар барилга нь ийм асуудалтай байгаа гэдгийг иргэдэд сэрэмжлүүлсэн юм.

"Барилгын компаниудын дураараа авирлах нь хэрээс хэтэрч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн төсөл хэрэгжүүлэгч цар тахлын нөхцөл байдлаас ашиглалтын хугацаа хойшилсон гэж тайлбарлаж буй. Гэтэл гэрээнд заасан хугацааг харвал цар тахлын нөхцөл байдалтай уялдаагүй буюу өмнө нь ашиглалтад орсон байх ёстой байсан гэдгийг онцолж байв.

Түүнээс гадна "Сүүлийн жилүүдэд барилгын компаниудын дураараа авирлах байдал хэрээс хэтэрч байна. ААН-үүд газар аваад л орон сууцны захиалгын гэрээ хийж хөрөнгө босгодог. Босгосон хөрөнгөөрөө тухайн байрыг 70-80 хувьд хүргээд дараа нь дахиад банкан барьцаанд тавьчихдаг. Улмаар захиалагч нар нь байраа авч чадахгүй иргэний хэргийн шүүхэд ханддаг. Ингээд шүүх шийдвэр гаргаад төлбөрийг тухайн компаниас гаргуулах гэхээр төлбөрийн чадамжгүй болчихсон байдаг.

Тиймээс барилгын компани 100 хувь төлбөрийг нь авчхаад дараа нь материалын үнэ өссөн зэрэг шалтгаанаар мөнгө нэхэж, шүүхдэлцэх асуудал олон гарч байгаа тул иргэд маш сайн судлаарай" хэмээн ярьсан юм.