Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Бекхэмийн Катар 2022-ын оролцоог эсэргүүцсэн комедиан их хэмжээний мөнгийг олны нүдэн дээр устгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм өчигдөр эхэлсэн Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ (Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн)-ий элчээр ажиллаж байгаа.

Газрын тосоор баян Персийн булангийн орны эрх баригчид домогт тамирчныг ямар үнээр хөлсөлсөн нь тодорхойгүй байгаа ч хэвлэлүүд 150 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан гэж мэдээлж байна.

Гэхдээ Бекхэмийг хүний эрхийг зөрчдөг Катар улсад болж буй ДАШТ-ий нүүр царай болсонд нь олон хүн дургүйцэж байгаа юм.

Тухайлбал Британийн комедиан, телевизийн хөтлөгч Жо Лисет хэрвээ тэмцээн эхлэхээс өмнө Бекхэмийг хүлээсэн үүргээсээ татгалзахгүй бол 10,000 фунт стерлингийг олны нүдэн дээр устгахаа мэдэгдэж байв.

Тэрбээр Бекхэмд Ням гарагийн үд дундаас өмнө шийдвэрээ гаргах хугацаа өгсөн юм. Хэрвээ Бекхэм шаардлагыг биелүүлбэл Лисет энэ мөнгөө ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагад хандивлах, биелүүлэхгүй бол олны нүдэн дээр цаас хэрчигч машинд хийхээ амлажээ. Мөнгөтэй хамт Бекхэмийн “ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч” хэмээх нэр алдар нь бас устахыг тэр анхааруулсан байна.

Катар улсад ижил хүйстэн байх хуулиар хориотой, илэрвэл долоон жил хүртэл хугацаагаар шоронд хоригддог юм.

Бекхэм нь 2002 онд ижил хүйстнүүдийн “Attitude” сэтгүүлийн нүүрэнд гэрэл зургаа нийтлүүлж байсан түүхтэй. Тиймээс “ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах бэлэг тэмдэг” болж байсан түүхтэй Бекхэмийг энэ удаагийн ДАШТ-ий элчийн үүргээсээ татгалзахыг Лисет уриалж байжээ.

Өчигдөр Бекхэм шаардлагыг нь хүлээж аваагүй, өгсөн хугацаа нь дууссан тул Лисет амласан мөнгөө цаас хэрчигч машинд хийж буй дүрсээ нийтэд цацсан юм.

Лисетийн үйлдэл онлайн орчинд хүмүүсийг хоёр хуваагаад байна. Олон хүн түүний үйлдлийг дэмжиж буйгаа #BendersLikeBeckham хаштагийн дор илэрхийлцгээжээ. Харин зарим хэсэг нь эдийн засгийн хямралтай үед их хэмжээний мөнгө устгаж байгааг нь шүүмжилж байна. Зарим нь мөнгө жинхэнэ эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian