Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээндээ эргэн ирээд байгаа П.Орхон АНУ-д болсон тэмцээнд түрүүлэв

А.Намуун, iKon.mn
2022 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью Йорк хотноо болсон “Bill farrel”-ийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ тухай "Өнөөдөр АНУ-ын Нью Йорк хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд дөрвөн жилийн дараа түрүүлж, алтан медаль хүртэн чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж, баярын нулимстай сууна.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү, уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, алхам алхмаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшлахад надад маш их урам зоригийг өглөө.

Цаашдаа сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно" гэв.

Түүнийг “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмаас алтан медаль авсан ч “допинг хэрэглэсэн” шалтгаанаар хурааж, чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь дөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл хасаад байсан юм. Энэ хугацаа дуусаж П.Орхон дэвжээндээ эргэн гараад байгаа билээ.