Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны босогчид Tегераны дэглэмийг үүсгэн байгуулагч Аятолла Хомейнигийн төрсөн гэрийг галдан шатаажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ираны босогчид Тегераны одоогийн дэглэмийг үүсгэн байгуулагч Аятолла Рухолла Хомейнигийн амьдарч байсан гэрийг галдан шатаажээ.

Исламын хувьсгалын удирдагчийн төрсөн гэр болох уг байранд одоо түүний амьдралыг харуулсан музей үйл ажиллагаа явуулдаг юм.

Хомейни нь 1979 онд Өрнөдийн чиг баримжаагаар Ираныг удирдаж байсан шах Мохаммад Реза Пахлавийг төрийн эрхээс хүчээр зайлуулж, шашны хатуу дэглэмээ тогтоосон нь өнөөдрийг хүртэл оршиж байна.

Ираны анхны дээд удирдагч болж байсан тэрбээр 1989 онд нас барсан юм. Гэсэн хэдий ч Тегераны эрх баригчид жил бүр Хомейнигийн нас барсан өдрийг тэмдэглэж, гашуудсаар байдаг. 

Хомейн хот дахь хувьсгалын удирдагчийн гэр шатаж, хүмүүс уухайлан хашхирч байгааг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд таржээ.

Уг үйл явдал Пүрэв гарагийн орой болсныг эх сурвалжууд баталж байна.

Харин орон нутгийн эрх баригчид гал тавьсныг үгүйсгэж, Хомейнигийн гэр музей хэвийн ажиллаж байгааг Ираны төв хэвлэлд мэдээлжээ.

Есдүгээр сарын дундуур 22 настай Махса Амини хэмээх бүсгүй нүүрэндээ хижаб өмсөлгүй олон нийтийн газарт явсан хэргээр цагдаагийн хэсэгт саатуулагдаад байхдаа учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг Ираны иргэдийг Тегераны дэглэмийн эсрэг бослого гаргахад хүргээд байгаа.

Ираны хилэгнэж, бухимдсан иргэд тэр үеэс хойш Хомейнигийн шууд залгамжлагч Аятолла Аль Хаменигийн засгийн газрыг унагахаар тасралтгүй тэмцэж байна.

Ираны хууль хүчнийхний гарт амиа алдсан хүүхэд, залуусыг оршуулсны дараа Табриз, Махабад, Захедан зэрэг олон хотод өчигдөр бослого дахин эрчимжжээ.

 

Эх сурвалж: BBC