Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт өндөр эрэлтийн улмаас Тэйлор Свифтийн аялан тоглолтын тасалбарыг худалдахаа зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Тэйлор Свифтийн “The Eras Tour” аялан тоглолтын тасалбар онцгой өндөр эрэлттэй байгаа тул Баасан гарагаас эхлэн нийтэд худалдаалахаа зогсоож байгааг тасалбар борлуулалтын Ticketmaster компани зарлажээ.

Өнгөрсөн Мягмар гарагт энэхүү аялан тоглолтын тасалбар хоёр сая хувь зарагдсан нь нэг өдрийн дотор ямар ч уран бүтээлчийн гаргаж байгаагүй өндөр амжилт болохыг тус компани өмнө нь мэдээлсэн юм.

Тухайн өдөр фэнүүдийн үүсгэсэн хэт өндөр ачааллыг дийлээгүй Ticketmaster компанийн вэб сайт доголдож байжээ.

Тэйлор Свифтийн аялан тоглолт ирэх онд АНУ даяар зохион байгуулагдах юм.

Ticketmaster компани ботуудыг ялгаж, зөвхөн баталгаажсан хүмүүст тасалбар зарах “Verified Fan” систем нэвтрүүлсэн ч бүртгүүлсэн хүмүүсийн тоо 3.5 сая давжээ.

Энэ нь тус компанийн түүхэнд байгаагүй өндөр тоо юм байна.

Ticketmaster-ийн тасалбар захиалгын вэб сайт доголдсон нь зөвхөн Свифтийн фэнүүдийг бухимдуулаад зогсохгүй улс төрчдийн хүрээнд хүртэл нөлөөлж байв.

Тухайлбал АНУ-ын сенатор Эми Клобушар гүйцэтгэх захиралд нь илгээсэн нээлттэй захидалдаа тус компанийн найдваргүй үйл ажиллагаанд санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ.

Өдгөө 32 настай поп од Тэйлор Свифт сүүлийн үед асар их амжилттай байгаа.

Энэ сарын эхээр түүний “Midnights” шинэ цомгийн дуунууд АНУ-ын Биллбордын топ 10 дууны жагсаалтыг дангаараа эзэлсэн нь түүхэнд байгаагүй өндөр амжилт байв.

Өнгөрсөн Ням гарагт Германы Дюссельдорф хотод зохион байгуулагдсан MTV EMA (European Music Awards) шагнал гардуулах ёслолоос тэр дөрвөн шагнал хүртсэн юм. Ингэснээр Свифт энэ наадмаас хамгийн олон буюу нийт 12 шагнал авсан уран бүтээлч болж, Лэди Гагатай зэрэгцсэн байна.

 

Эх сурвалж: CNN