Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зорчигчийн мартсан гар утсыг нисгэгч онгоцныхоо цонхоор шүүрч авсан ховор тохиолдол

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Агаарын тээвэрт ховорхон тохиолддог үйл явдлын талаар саяхан эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал АНУ-ын Калифорни мужийн Лонг Бич хотын нисэх буудлаас хөөрөх гэж байсан Southwest Airlines компанийн онгоцны нисгэгч нэг зорчигчийнхоо мартсан гар утсыг цонхоор шүүрч авсан байна.

Онгоц хөөрөхийн өмнөхөн нэг зорчигч гар утсаа нисэх буудалд мартсанаа санажээ. Гэвч тухайн үед зорчигчдыг онгоцонд суулгаж дуусаад гарцыг хаасан байсан тул буцах боломжгүй болсон байна.

Харин мэдээлэл авсан нисэх буудлын ажилтан мартсан гар утсыг шуурхай олж авчраад онгоцны цонхоор нисгэгчид өгчээ.

Нисгэгч гар утсыг онгоцныхоо цонхоор шүүрэн авч буйг харуулсан дүрс бичлэгийг хэн нэгэн үйлдсэн юм байна.

Гар утсаа мартсан зорчигч онгоцны ахмадад хандаж гуйсны дараа нисэх буудалтай холбоо барьж ийм арга хэмжээ авсныг Southwest Airlines компанийн төлөөлөгч тайлбарлажээ.

Дэлхийн Сайхан сэтгэлийн өдрийг тохиолдуулан дээрх дүрс бичлэгийг сошиал сүлжээнд саяхан тараасан байна.

1998 онд Сайхан Сэтгэлийн Хөдөлгөөн нэртэй байгууллагын санаачилсан энэ өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг болжээ.

 

Эх сурвалж: CNN