Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Захын хорооллын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай авч чадахгүй байхад УИХ-ын лобби бүлгийн гишүүд яагаад тоохгүй байна вэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн О.Энхмаа Улаанбаатар хотын захын хороололд эмнэлэг барихад шаардлагатай хөрөнгийг ирэх оны улсын төсөвт суулгахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүдээс шаардаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020 онд өөрсдийн үзлээрээ иргэдийн эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулсан гишүүдэд би өнгөрсөн онд мөн шаардлага хүргүүлж байсан. Иргэд нь эрүүл мэндээрээ хохирсоор байхад тэдний эрүүл мэндийг хамгаална гэж попорч, лобби үүсгэсэн 18 гишүүн хөдлөхгүй байна.

Сүүлийн дөрвөн жил би Түлэнхийн төвийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх л арга хэмжээг авч, эцэстээ ийм хууль бус ажиллагаатай тэмцэхээр АТГ-т хандаж, хэрэг үүсгүүлэн шалгуулсан. Гэтэл өнөөг хүртэл шүүхэд шилжүүлэхгүй байгаа прокурор нь шүүх засаглалыг маш муухайгаар харагдуулж, шударга ёсыг үнэгүйдүүлж байна. Үүнийг Улсын Ерөнхий прокурорт анхааруулж, хоёр ч удаа шаардлага хүргүүлчхээд байгаа гэдгээ хэлье.

Гэтэл УИХ-ын лобби бүлгийн 18 гишүүний нэг нь ч эрүүл мэндийн байгууллагын ажилд анхаарахгүй байгаа учраас өнөөдөр шаардлага хүргүүлж байгаа юм.

Мөн СХД-ийн Тахилт орчимд 100,000 иргэнд үйлчлэх нэгдсэн эмнэлгийн 20 хувийг нь буюу 900 сая төгрөгийг хүмүүнлэгийн ажлын хүрээнд хийчихсэн байхад үүнийг дэмжихгүй байна. УИХ-ын гишүүн, сайд  Х.Нямбаатар 2020 оны сонгуулиар тус дүүргээс сонгогдохдоо энэ ажлыг дэмжинэ гэж амласан ч одоог хүртэл  чимээгүй байна. Өнөөдөр иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэж өгнө гэж УИХ-д суусан гишүүдийн үнэн царай нь ийм байна.

Өнөөдөр энд СХД-ийн Тахилт орчимд 100,000 иргэнд үйлчлэх эмнэлэг барих төсвийн 30 хувийг 2023 оны улсын төсөвт яаралтай суулгаж өгөхийг УИХ-ын Эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд болон УИХ-ын даргаас шаардаж байна.

Эрүүл мэндийг дэмжих лобби бүлэгт Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Ц.Туваан, П.Анужин, Б.Баатарбилэг, Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг, Б.Бейсен нарын 18 гишүүн багтдаг. Тэдэнд 2021 онд мөн энэ шаардлагыг өгсөн ч одоог хүртэл нэг нь ч дугараагүй.

Тэд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарч, эмнэлгийн барилгын санхүүжилтийг төсөвт оруулахыг шаардаж чадахгүй юм бол яах гэж УИХ-д суугаа вэ гэдгийг нь асуумаар байна.

2023 оны улсын төсвийн бараг 45 хувь нь сумдын соёлын төв эсвэл ямар ч хэрэггүй хөшөө дурсгал барихад зарцуулагдахаар байгаа. Гэтэл захын хорооллын иргэд төрөх, мэс засал, гэмтэл зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй байна. Үүнийг шийдэх эмнэлгийн барилгын 20 хувийг бид иргэдийн дэмжлэгээр хийсэн байхад төр засаг яагаад өдий хүртэл юу ч хийхгүй байна вэ.

Захын хороололд эмнэлгийн барилга барихаар газрыг нь ухаж, барилгын 20 хувийг нь хийсэн байгаа ажлын газар жилийн жилд доошоо сууж, анхны төсөвт өртгөөсөө их алдагдалтай болсон. Хотоос алслагдсан, захын хороололд амьдардаг иргэд эмнэлгийн тусламж авахад нэн хүндрэлтэй байна” гэв.

Түүнээс гадна, О.Энхмаа алтны татварыг хоёр дахин нэмэх ёстой гэх саналыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байгаа тухайгаа хэллээ.