Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Номинцэцэг: Өмчийн эзэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэрийг битгий гаргаач

Г.Хулан
2022 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар булааж авсан талаар тухайн иргэний өмгөөлөгч Х.Номинцэцэг Монгол Ньюс мэдээллийн төвд өнөөдөр мэдэгдэл хийлээ.

"Хайрхан" хэмээх компанийг 2008 онд Н.Хүрэлбаатар нь Х.Сонинцэцэгт албан ёсоор шилжүүлэн өгсөн байна. Х.Сонинцэцэг нь 2013 оны аравдугаар сарын 16-ны өдөр "Монгол Улс"-ын харьяанаас гарч, 2014 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Чех улсын харьяат болсон аж. Тэрбээр Чех улсад байхдаа Цолмон хэмээх өмгөөлөгчид компанийнхаа итгэмжлэлээ өгч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байна.

Гэвч түүнийг гадаадад амьдарч байх хугацаанд буюу 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр Н.Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр болох Сарантуяа нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг компанийг өөр дээрээ шилжүүлэх оролдлогыг хийсэн талаар хурлын үеэр дурдлаа.

Мөн "Хайрхан" компани нь түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж. Түрээсийн сарын төлбөр нь 30-40 сая төгрөг байдаг гэдгийг уг иргэний өмгөөлөгч хэлсэн юм.

Өмгөөлөгч Х.Номинцэцэг "Н.Хүрэлбаатар нь улсын бүртгэлд хүсэлт гаргаж, нотариатын танхимд хандан, компанийнхаа дүрэмдээ өөрчлөлт оруулж, өөрөө хүсэлтээ бичээд компанийн эрх шилжүүлэх гэрээгээ батлуулсан. Улсын бүртгэлд “Хайрхан” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол үйлдсэнээр хууль ёсоор Х.Сонинцэцэг нь 2008 оны долоодугаар сарын 23-ны өдөр тус компанийн 100 хувийн эзэмшигч болсон.Үүнээс хойш 2018 он хүртэл компанийнхаа үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.

2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр Н.Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр, түүний дагавар хүүхэд нийлж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бусдын эд хөрөнгийг булаан авах анхны алхмыг хийсэн. Ганцхан Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчийн эзэн буюу Х.Сонинцэцэгийг оролцуулалгүйгээр хөрөнгийг нь булаан авсан.

Энэхүү асуудлын улмаас өнөөдрийг хүртэл эхлэл, төгсгөл нь  мэдэгдэхгүй маргаан болоод явж байна. Шүүх болон төрийн байгууллагын албан хаагчид нь хийж буй ажилдаа үнэнч байсан бол Х.Сонинцэцэгийг эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг утгаар тус асуудалд гуравдагч этгээдээр оролцуулсан бол өнөөдрийн маргаан удаан сунжрахгүй байсан.  Мөн нотариатчид нь гомдол гаргасан тохиолдолд Х.Сонинцэцэг оролцох боломж байсан.

Мөн захиргааны гурван шатны шүүхээс нотариатын үйлдэл хүчингүй болсон нь Н.Хүрэлбаатар гэдэг хүн амьд ахуйдаа хүсэл зорилгоо илэрхийлээд, улсын бүртгэлд хүсэлт гаргасан баримтууд нь байгаа тохиолдолд ямар нэгэн нотариатын хэрэгт хамаарахгүй хэмээх дүгнэлт гарсан.

Энэхүү шийдвэр 2017 оны зургаадугаар сарын 28-ны өдөр дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хэмээн гарч байсан. Гэвч сайтад 2017 оны долоодугаар сарын 28-ны өдөр хэмээн хоёр өөр он сартай тогтоол байгаад байдаг.

Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Сарантуяа нь 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлтээс 13 болон 93-р тогтоолыг гаргуулсан. Үүнд үндэслэж оюуны өмчийн бүртгэлийн ерөнхий газрын даргын 636-р тушаалыг гаргуулж, өөртөө өв бичүүлэн улсын бүртгэлд бүртгүүлчихсэн. 

Х.Сонинцэцэг нь гурван шатны шүүхээр явж Сарантуяагийн өв болон захирлын эрхийг нь байхгүй болгосон.

2021 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Х.Сонинцэцэгт компанийн эзэмшигч эрхийг нь өгсөн хэмээн тогтоосон. Улсын бүртгэлийн системд Х.Сонинцэцэгийн 2008 оны эзэмшигч эрхийг нь буцаан сэргээсэн үйл явцын хүрээнд нийт 11 шүүхийн шийдвэр гарсан атал өөрийн компани руугаа өнөөдрийг хүртэл нэвтэрч чадахгүй байна. 

Хүний компанийг хууль бусаар авч хөрөнгийг нь хувийнхаа дансаар авсан гэх зэргээр бусдын хөрөнгийг завшаад байх тохиолдлыг бусдад бүү олгооч.

Х.Сонинцэцэгийн зүгээс "Намайг 2008 оноос хойш тус компанийн өмчийн эзэн хэмээн тогтоочхоод байхад миний тамга тэмдгийг аваад өгөөч" хэмээн гомдол гаргасан ч гомдлыг нь хүлээн авдаггүй.

Өмчийн эзэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэрийг битгий гаргаач" хэмээн ярилаа.