Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мандуул: Хөгжлийн Банкнаас гарсан 3.5 тэрбум ам.долларын зээлийн 80% нь Засгийн газрын шийдвэрээр гарсан

Г.Хулан
2022 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  Б.Энхбаяр гишүүн "Хөгжлийн Банкнаас төлөх гадаадын зээл тусламж, бондын төлбөрийн хэмжээ хэд байгаа вэ, хэдийд төлөхөөр төлөвлөгдсөн бэ?, Хөгжлийн Банкнаас зээл олгохдоо банкны тухай хуулийн дагуу олгосон уу эсвэл Хөгжлийн Банкны тухай хуулийн дагуу олгосон уу" хэмээн асуулт асуув.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын баталгаагүй Хөгжлийн Банкны өөрийн бие даан гаргасан "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр төлөх бол, "Самурай" бондын 34 тэрбум иенийн өрийг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлнө. "Самурай" бонд Засгийн газрын баталгаатай. "Самурай" бондын өрийг хугацаанаас  нь өмнө төлөх боломжтой.

Зургаадугаар сараас эхлээд бид хөрөнгийн зах зээлд "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө төлье хэмээх санал тавьсан. Хариуд нь Монголын Засгийн газарт итгэж байгаа, хугацаанаас нь өмнө татах шаардлагагүй гэсэн. Бид бүхэн "Евро" бондын өрийг төлөх бэлтгэл ажилдаа орсон байгаа. Мөн банкны тухай хуульд Хөгжлийн Банкны үйл ажиллагааг зохицуулах хууль байхгүй” хэмээн хариулав.

Мөн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банкны тухай хууль 2011 онд батлагдаж мөн 2017 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан. Банкны барих ёстой гол хууль бол Хөгжлийн Банкны тухай хууль юм. Хөгжлийн Банкны тухай хуульд “Энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг банкны тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтын дагуу Хөгжлийн Банк үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2017 онд актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу Хөгжлийн Банк зээлийн активаа хэвийн болон чанаргүй гэж ангилсан. 

Өнгөрсөн жил Монголбанкнаас Хөгжлийн Банканд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд Хөгжлийн Банк нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн активтай байсан. Үүний 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл гэсэн дүгнэлтийг гаргасан. Хөгжлийн Банкны тухай хууль 2011 онд батлагдаж мөн 2017 онд шинэчлэн батлагдсан. Хуулийн хэрэгжилтийн дагуу нийт чанаргүй зээлийн 1.8 их наяд төгрөгийн 1.3 их наяд төгрөг нь 2012-2016 онд гарсан. Шинэ хууль батлагдсанаас хойш буюу 2017-2022 онд 500 тэрбум төгрөгийг гаргасан.

Эх үүсвэрийн хувьд Хөгжлийн Банк Чингис бондын зарцуулалтыг хариуцаж нийт 3.5 тэрбум ам.долларын зээлийн олголт хийсэн. Үүнээс 2.7 тэрбум ам.доллар буюу 80 хувь нь Засгийн газрын шийдвэрээр гарсан зээл байгаа. Үлдсэн 0.8 тэрбум ам.доллар буюу 20 хувь нь ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр гарсан зээл байдаг” хэмээн нэмж хариуллаа.