Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газрын авто баазыг 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцжээ. Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн талаар болон салбарын сайд нарынх нь хүсэлтээр зарим хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашид 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна" гэлээ. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Авто бааз нь Улаанбаатар хотын хэмжээнд автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлэх бол орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцах аж. 

Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1,000 орчим автомашин татан төвлөрүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 250 машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 205 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, автомашин зайлшгүй хэрэглэх шаардлага бүхий эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад хэрэгцээнд тохируулан тарааж өгнө. 

Харин төрийн байгууллага ашиглах боломжгүй, элэгдэл нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулна. Өнгөрсөн хугацаанд нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Олон аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцож, нийт үнэлгээ нь 375 сая төгрөгт хүрсэн байна.

Үлдсэн автомашинуудыг хэрэгцээт байгууллага руу нь шилжүүлнэ. Мөн орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлэгт шилжүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд УИХ-аар оруулж, тогтоол батлагдсанаар шилжүүлэх ажлаа хийх юм" гэлээ. 

Түүнчлэн орон нутгийн өмчит байгууллагаас 1,000 орчим автомашин татан төвлөрүүлэх юм байна. Эдгээрт үзлэг оношилгоо хийн, хэрэгцээ шаардлага хангах эсэхийг дүгнэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Мөн "Орон нутгаас автомашины хэрэгцээ шаардлага үүссэн талаар 700 гаруй хүсэлт бий. Тэдгээрт дээрх автомашинуудыг шилжүүлэхээр ажиллаж байна" гэв. 

Шууд үзэх:
https://fb.watch/gxPZkQzKuX/