Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн баталгаажсан тэмдгийг эзэмшихийн тулд сар бүр $20 төлдөг болно

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн долоо хоногт худалдаж авсан тэрбумтан Илон Маск тус компанийн үйлчилгээний бодлогыг өөрчлөх ажилдаа оржээ.

Удирдлагыг гартаа аваад ажилтнууддаа өгсөн эхний даалгавар нь Твиттерийн төлбөртэй хэрэглэгчийн статусыг өөрчлөх тухай байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Одоогоор Твиттерийн хэрэглэгчид өөрийгөө мөн болохыг баталгаажуулаад “хөх” таних тэмдгийг эзэмшдэг. Бас нэмэлт боломжуудыг ашиглах эрх бүхий сарын $4.99 хураамжтай төлбөртэй үйлчилгээний ангилал байдаг.

Тэгвэл Илон Маск энэ хоёр боломжийг нэгтгээд сарын $19.99-ын хураамжтай үйлчилгээний ангилал гаргах даалгаврыг ажилтнууддаа өгсөн байна.

Өөрөөр хэлбэл өөрийгөө мөн болохыг баталгаажуулсан тэмдгийг эзэмшиж, өөр бусад нэмэлт боломжуудыг давуу эрхтэй эзэмшихийн тулд сар бүр ийм хэмжээний мөнгө төлдөг болох ажээ.

Хэрвээ өгөгдсөн 90 хоногийн хугацаанд төлбөртэй үйлчилгээний ангилалд шилжихгүй бол хэрэглэгч баталгаажуулалтын “хөх” тэмдгээ хураалгах гэнэ.

Энэ төсөл дээр ажиллаж байгаа Твиттерийн ажилтнуудын мэдээлснээр арваннэгдүгээр сарын 7-ны дотор шинэ нөхцөлийг нэвтрүүлэх, эсвэл ажлаа өгөх сонголтыг Илон Маск тэдэнд тулгасан байна.

Ням гарагт Илон Маск “Хэрэглэгчийн баталгаажуулах үйл явцыг бүхэлд нь шинэчлэх ажил эхэллээ” гэж твиттер хуудсандаа бичиж байв.

Сарын $4.99-ын хураамжтай Twitter Blue үйлчилгээний ангилал зах зээлд нэвтрээд бараг нэг жилийн хугацаа өнгөрч байгаа.

Твиттер компанийн орлогын гол эх үүсвэр нь зар сурталчилгаа болдог. Харин шинэ эзэн Илон Маск тус компанийн орлогын тал орчим хувийг хэрэглэгчдийн сарын суурь хураамжаас бүрдүүлэг болгохыг зорьж байна.

 

Эх сурвалж: The Verge