Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ийг USB-C залгууртай болгох Европын Холбооны шаардлагыг Apple компани хүлээж авчээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны хууль тогтоогчид 2024 оноос эхлэн тус байгууллагын гишүүн орнуудад худалдаалагдах бүх гар утаснууд нэгдсэн USB-C стандартын цэнэглэгчтэй болох зохицуулалтыг баталсан юм.

Ийм стандартын цэнэглэгч ихэнх Андроид системтэй гар утаснуудад нэгэнт нэвтрээд байгаа. Харин Apple компани ганцаараа өөрийн “Lightning” стандартыг iPhone гар утсандаа ашигладаг.

Apple компанийн хувьд бусад бүтээгдэхүүнүүдээ хэдэн жилийн өмнөөс USB-C стандарт руу шилжүүлж эхэлсэн юм. Тухайлбал 2015 онд анхны USB-C залгууртай MacBook компьютер, 2018 онд ийм залгууртай анхны iPad зах зээлд гарч байжээ.

Тэгвэл iPhone ухаалаг гар утсаа ч гэсэн USB-C стандарт руу шилжүүлэх болсноо мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт Калифорни мужид болсон технологийн чуулганы үеэр Apple компанийн маркетингийн захирал Грэг Жосвяк “Мэдээж хэрэг. Бид дагаж мөрдөх ёстой. Өөр сонголт байхгүй” гэж энэ талаар асуултад хариулжээ.

Гэхдээ тэр Европын Холбооны эрх баригчид ингэж шийдээгүй бол “хэрэглэгчдэд болон байгаль орчинд илүү ээлтэй байх байсан юм” гэж харамслаа илэрхийлсэн байна.

Шинэ стандарт зөвхөн Европын хэрэглэгчдэд үйлчлэх, эсвэл бүх зах зээлд үйлчлэх, хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөхөөс Жосвяк татгалзжээ.

Европын Холбоо нэгдсэн стандартын цэнэглэгчтэй болсноор электрон хог хаягдлын хэмжээ буурч, байгаль орчны бохирдол багасна гэж шийдвэрээ зөвтгөж байгаа. Харин Apple компани нэгэнт хэрэглээнд байгаа их хэмжээний “Lightning” цэнэглэгч хаягдал болсноор байгаль орчинд үзүүлэх нөлөө өөрчлөгдөхгүй гэж үзэж байв.

Мөн өрсөлдөөнийг боомилсон, технологийн дэвшлийг хязгаарласан шийдвэр гэж Европын удирдагчдын шийдвэрийг шүүмжилж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian