Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Google гар утасны твиттер хуудас Apple-ийг шүүмжлэхдээ iPhone хэрэглээд баригдав

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн iPhone ухаалаг гар утастай өрсөлдөгчдийн нэг нь Google компанийн Pixel бүтээгдэхүүн юм.

Хайлтын систем, онлайн зар сурталчилгаанаас гол орлогоо олдог Google энэ бүтээгдэхүүнээ Андроид системтэй гар утасны жишиг загвар болгохыг хичээдэг.

Гэвч өчигдөр Google Pixel албан ёсны твиттер хуудас Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күкийн жиргээнд хариу шүүмжлэл бичихдээ iPhone утас хэрэглэсэн нь ил болсон юм.

Тим Күк өөрийн сурталчилгааны видеог жиргэхдээ “TakeNote” хаштаг хэрэглэсэн нь NBA-гийн Utah Jazz багийн хэрэглэдэг хаштагтай давхацсан байна.

Үүнийг нь Google Pixel гар утасны албан ёсны хуудас шүүмжлээд өөрийн хэрэглэгчдийн TeamPixel хаштагийг оронд нь ашиглавал давуу талтайг сагсан бөмбөгийн фэнүүдэд зөвлөжээ. Гэтэл энэ жиргээг iPhone утаснаас нийтэлсэн нь “Twitter for iPhone” тэмдэглэгээнээс ил болсон байна.

Удалгүй Google Pixel алдаагаа мэдээд энэ жиргээг устгаж, оронд нь твиттерийн вэб хувилбараас дахин нийтэлжээ.

Гэвч хүмүүс өмнөх алдаатай жиргээг нь дэлгэцээсээ хуулж авснаа тараасан юм.

Ер нь бусад гар утсыг сурталчлагчид iPhone хэрэглээд баригдах явдал өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ.

Тухайлбал дуучин Алиша Киз 2013 онд BlackBerry компанийн уран бүтээл хариуцсан захирал байхдаа тус компанийн шинэ гар утсыг iPhone хэрэглэн сурталчилсан нь ил болж байв.

Дараа нь тэр өөрийгөө хакдуулсан гэж тайлбарлаж байв.

2018 онд Хуавэй брэндийн элч, Холливүүдийн од Гал Гадот компанийнхаа Mate 10 Pro гар утсыг мөн iPhone ашиглан сурталчилж байжээ.

Дараа нь жүжигчин бүсгүй уг жиргээгээ устгаж, оронд нь Хуавэйн бүтээгдэхүүнээс дахин жиргэж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider