Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX-ийн Starlink үйлчилгээ агаарын тээвэрт удахгүй нэвтэрнэ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

SpaceX компани хиймэл дагуулын интернэтийн Starlink үйлчилгээгээ 2023 оноос эхлэн иргэний агаарын тээвэрт нэвтрүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Starlink Aviation нэртэй энэхүү үйлчилгээ нь нисэх онгоцнуудад 350 мегабайт/секундийн хурдтай интернэт холболтыг нислэгийн үеэр үзүүлэх юм байна.

Хиймэл дагуулын антен болон бусад тоног төхөөрөмжийг нисэх онгоцонд суурилуулахад нэг удаа $150,000-ыг төлөх ба цаашдаа сар бүр $12,500-$25,000 хэмжээний хураамжтай байх ажээ.

Өнөөдөр зарим авиа компанийн нисэх онгоцнууд зорчигчдодоо нислэгийн үеэр интернэтийн үйлчилгээ үзүүлдэг ч хурд, чанарын хувьд маш муу байдаг.

Харин Starlink Aviation үйлчилгээ видео стрим үзэх, тоглоом тоглох, видео дуудлага хийх хэмжээний хурдыг зорчигчдод үзүүлэх юм байна.

SpaceX компани энэ оны тавдугаар сард аяллын автомашинуудад зориулсан хиймэл дагуулын интернэт үйлчилгээг сарын $135-ын хураамжтай үзүүлж эхэлсэн юм.

Өнгөрсөн зун бас Starlink Maritime далай тэнгисийн аялалд зориулсан үйлчилгээ нээж байв. Royal Caribbean далайн аяллын томоохон компани наймдугаар сард бүх хөлөг онгоцнуудаа Starlink-ийн интернэтээр тоноглох гэрээ байгуулсан юм.

Наймдугаар сард бас SpaceX компани T-Mobile компанитай хамтран АНУ-ын үүрэн холбооны сүлжээнд хамрагдаагүй алслагдсан газар нутагт интернэт холболтын үйлчилгээ үзүүлэхээр болсноо зарласан билээ.

 

Эх сурвалж: Business Insider