Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хайрцгаасаа задраагүй анхны iPhone бараг $40,000-ын үнэ хүрэв

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2007 онд Apple компани анхны iPhone гар утсаа зах зээлд танилцуулахад $599-ийн үнээр зарагдаж байв.

Тэгвэл 15 жилийн дараа уг бүтээгдэхүүн бараг $40,000-ын үнэ хүрсэн байна.

Анхны iPhone загварын гар утсыг хайрцгаас нь задлалгүй олон жил хадгалж байсныг Ням гарагт дуудлага худалдаагаар үнэ хаялцуулжээ.

Хэд хэдэн хүн өрсөлдсөний үр дүнд нэг хүн $39,339.60-аар худалдаж авсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулсан LCG Auctions байгууллага анхны iPhone-ийг $30,000 хүрнэ гэж тооцоолж байсан нь ийнхүү давж биелжээ.

Анхны дуудсан үнэ $2,500 байсан нь сүүлийн хэдхэн цагийн дотор $10,000-аас өссөөр ийм өндөр үнэ хүрсэн байна.

15 жилийн өмнө Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс шинэ бүтээгдэхүүнээ “iPod, гар утас, интернэтэд холбогч” гурвын нийлбэр гэж танилцуулж байсан юм.

Анхны iPhone нь 3.5 инчийн дэлгэц, 2 мекапикселийн камер, 4 GB болон 8 GB санах байгууламжийн сонголттой байжээ.

Өнгөрсөн сард танилцуулсан хамгийн сүүлийн iPhone загвар 6.1 инчийн дэлгэц, 12 мегапикселийн камер, 512GB хүртэл санах байгууламжтай байв.

iPhone 14 загварын үнэ $799-өөс эхэлж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider