Уншиж байна ...

Умард Солонгос хилийн бүс рүү 12 онгоц нисгэсний хариуд Өмнөд Солонгос 30 байлдааны онгоц хөөргөв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Умард Солонгосын талаас 12 бөмбөгдөгч болон сөнөөгч онгоц хоёр улсын хилд ойрхон ниссэн тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Үүний хариуд Өмнөд Солонгос 30 сөнөөгч онгоц угтуулан хөөргөж, шахалт үзүүлсэн байна.

Умард Солонгосын найман сөнөөгч, дөрвөн бөмбөгдөгч онгоц хилийн орчимд агаараас газарт цохилт өгөх сургуулилалт хийсэн байж болзошгүй гэнэ.

Өчигдөр өглөө бас Умард Солонгосын дэглэм ойрын тусгалын хоёр ширхэг баллистик пуужинг зүүн тэнгисийн ус руу харвасан юм.

Энэ нь АНУ-ын тэнгисийн флотын тээвэрлэгч хөлөг Солонгосын хойгт ойрхон байрласантай холбоотой хариу үйлдэл байжээ.

Мягмар гарагт Пёньяны эрх баригчид цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай баллистик пуужинг Японы арлыг давуулан харвасны улмаас АНУ тэнгисийн хөлгөө тус бүс нутагт илгээсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Умард Солонгос зэр зэвсгийн туршилтаа эрчимжүүлсэн нь цөмийн зэвсэгтэй орон болсноо АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж, үүнтэй холбоотой хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Өчигдрийн туршилт нь сүүлийн хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Умард Солонгосын харвасан зургаа дахь пуужин юм.

Эдгээрээс хамгийн аюултай нь Мягмар гарагт Японы арлыг давуулж харвасан туршилт байв. Хамгийн сүүлд 2017 онд ийм туршилт гүйцэтгэж байжээ.

Энэ туршилтын дараа АНУ, Их Британи, Франц, Албани, Норвеги, Ирланд улсууд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахыг уриалж байв.

Гэвч шуурхай хуралдаан үр дүнд хүрэлгүй тарсан нь Хятад, Орос улсуудын эсэргүүцэлтэй холбоотой байжээ. Эдгээр улсууд Солонгосын хойгт АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа нь Умард Солонгосыг өдөөн хатгасан хэрэг гэж үзсэн байна.

Энэ онд Умард Солонгосын дэглэм нийт 20 гаруй удаагийн үйлдлээр 40 гаруй баллистик болон бусад төрлийн пуужин туршжээ.

Украины дайны улмаас АНУ-ын засаг захиргаа Солонгосын хойгийн асуудалд анхаарал хандуулахаа багасгасан нь Ким Жон Унд “зэр зэвсгийн хөгжүүлэлтээ хурдасгах боломж олгож байна” гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: Associated Press