Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын арми иргэдийн суурьшлын бүс рүү пуужин алдаж харвасандаа уучлал гуйв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Умард Солонгосын дэглэм Японы арлуудыг давуулан пуужин харвасан билээ. Энэ нь 2017 оноос хойш тус улсын гүйцэтгэсэн анхны ийм аюултай туршилт болсон юм. Энэ үеэр Японы эрх баригчид Хоккайдо, Аомори мужийн иргэдэд хоргодох байранд орох түгшүүрийн дохио өгч байв.

Тэгвэл үүний хариуд Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд өнгөрсөн шөнө Японы арлууд, Солонгосын хойгийн дунд орших зүүн тэнгисийн ус руу тус бүр хоёр, нийт дөрвөн пуужин харвасан байна. Энэ нь Пёньяны эрх баригчдын өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авах чадвартайгаа харуулах зорилготой байв.

Гэтэл эдгээр пуужингуудын нэг нь байндаа хүрэлгүй Өмнөд Солонгосын зүүн эргийн Ганнюн хотын ойролцоо унаснаас гал түймэр гарчээ.

Армийнхан болсон явдалд тайлбар өгөлгүй олон цаг болсны эцэст алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ард иргэдээс уучлал гуйсан байна.

Өмнөд Солонгосын армийн харвасан хоёр ширхэг Хюнмү-2 пуужингийн нэг нь байндаа хүрэлгүй, замаасаа гажиж газарт унажээ. Хэдийгээр пуужин цэнэгт хошуутай байсан ч дэлбэрээгүй, зөвхөн түлш нь шатсан, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг армийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Умард Солонгос улс сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд таван удаа пуужин туршжээ. Өмнөх дөрвөн пуужинг эгц дээшээ чиглэлд харваж, нислэгийн өндөр, туулах замыг нь туршсан бол сүүлчийнхийг хөрш Япон улсын нутаг дэвсгэрийг давуулан Номхон далайн ус руу харвасан юм.

 

Эх сурвалж: BBC