Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ууганбаяр: Нийслэлийн хэмжээнд дулаанаар хангах ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
ДЦС

Орон сууцны айл өрхүүдийг дулаанаар хангаад нэлээд хугацаа өнгөрсөн ч Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол орчмын айлуудын халаалт маш муу байгаа талаарх мэдээллийг оршин суугчдын зүгээс манай редакцад ирүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор "Дулааны цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяртай утсаар холбогдож, товч тодрууллаа.

- 13 дугаар хороолол орчимд дулаан хангамж маш муу байгаа талаар оршин суугчид хэлж байна. Дулааны шугамд доголдол үүсэж, гэмтэл гарсан зүйл байгаа юу?

- 13 дугаар хороолол орчимд гэмтэл гарсан, засвартай шугам одоогоор байхгүй байна. Тухайн хэсэгт Даваа гарагт бага зэрэг доголдол гарсан байж магадгүй. Гэхдээ тухайн асуудал өнөөдрийн байдлаар хэвийн болсон буюу дулаан хангамж шаардлагатай температурт хүрсэн байна.

Ер нь дотор агаарын температурыг 18 градус байлгахаар гаднах агаарын температуртай уялдуулж, халаалтыг өгдөг тул өвлийн эд ачааллын үетэй харьцуулахад одоо харьцангуй багаар өгч байгаа.

Халаалт гэнэт тасраад, гэнэт жигдэрчихдэг зүйл биш учраас хугацааны хувьд бага зэрэг онцлогтой байдаг. Тодруулбал, паарнаас хий авах зэргээс эхлээд ер нь халаалт жигдрэх ажил долоо хоног үргэлжилдэг. Мөн аж ахуйн нэгж шинээр халаалт залгуулсан бол байранд нь жавар хурчихсан зэрэг шалтгаанаар дотор дулааны температур 2-3 хоногт жигдэрдэг.

Бид аравдугаар сарын 1-нээс ААН-ийн халаалтыг өгч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ААН, айл өрхийн дулааныг бүрэн залгаад байгаа. Харин тодорхой шалтгааны улмаас баруун, зүүн бүсэд тус бүр 70 хэрэглэгчийн дулааныг хараахан залгаагүй байна.

Ер нь халаалт залгалтын явцад янз бүрийн доголдол саатал гардаг. Төвөөс хэрэглэгчдэд халаалт өгсний дараа тухайн орон сууцанд байнгын засварчин ажиллаж, хянах ёстой. Мөн тухайн орон сууц өөрөөс хамаарах засвар үйлчилгээгээ хийсэн байх ёстой байдаг.

Харин манай байгууллага нэгдсэн дуудлагын дагуу газар дээр нь очоод, үзэж шалгаад хэвийн болгох арга хэмжээг авч ажилладаг. Хэрэв тухайн айл өрхийн халаалт муу эсвэл халахгүй байгаа асуудал гарвал дуудлага өгөөд шалгуулах нь зөв.

- Нийслэлийн хэмжээнд дулаан залгалт хэдэн хувьтай байгаа гэсэн үг вэ. Мөн дээр дурдсан 140 хэрэглэгчийн дулааныг залгаагүй гэх асуудалд тайлбар хэлэхгүй юу?

- 2022-2023 оны халаалтын улирлын өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсөн хэмжээнд хангагдсан бөгөөд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан газруудын дотор системийг сүлжээний усаар дүүргэх ажил үе шаттайгаар хийгдэж дууссан.

Нийслэл хотын 2022-2023 оны дулаан хангамжийн халаалт залгалт өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин дулаан залгаагүй хэрэглэгчдийн тухайд, тухайн ААН нь өөрсдийн зүгээс техникийн засвар үйлчилгээгээ хийгээгүй, дулааны эрчим хүчний төлбөрөө бүрэн барагдуулаагүйгээс шалтгаалж тунаад үлдсэн байгаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагууд засвараа хийгээд, төлбөрийн үлдэгдлээ төлчихвөл бид дулааныг залгахад бэлэн.

Ер нь зуны засварын ажлууд бүрэн хийгдээд дуусчихсан. Одоогоор Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн урд хэсгийн буюу 8-ын Б магистралын засварын ажил ирэх Даваа гарагт буюу аравдугаар сарын 10-нд дуусгавар болно. Үүнээс хойш тасархай магистрал шугам байхгүй, бүх хэрэглэгчдийг хэвийн дулаанаар хангана гэсэн үг.

Гэхдээ засвар үйлчилгээ хийгдэж байгаа газарт дулаан бүр тасарсан хэрэглэгч байхгүй гэдгийг онцолъё.

- Халаалт өгснөөс хойш дулааны эрчим хүчний чадал хэр хэмжээнд байгаа вэ?

- Одоохондоо өвлийн ачаалал эхлээгүй байгаа. Дулааны эрчим хүчний оргил ачаалал арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг тул энэ асуудлыг тухайн үед нь илүү тодорхой мэдээлэх боломжтой.