Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 11 хоногт хилээр орж ирсэн ОХУ-ын дугаартай 4,896 тээврийн хэрэгслээс өчигдрийн байдлаар 250 нь буцаж гараагүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд гадаад улсын, тэр дундаа ОХУ-ын дугаартай автомашинуудын жолооч нар замын урсгал сөрж зогсох, явган хүний зам дээр автомашинаа байрлуулах зэрэг зөрчил гаргаад байгаа.

Үүнтэй холбоотойгоор манай улсад гадаад улсын хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.

Энэ тухай Автотээврийн үндэсний төвийн албаны хүн хэлэхдээ "Манайх тээврийн хэрэгслийн улсын дугаар олгодог байгууллага учраас тухайн тоон мэдээлэл манайд бүртгэдэггүй" хэмээн хэлээд гааль эсвэл Тээврийн цагдаагийн албанаас асуухыг зөвлөв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс асуухад "Манай улсад явж байгаа бүх тээврийн хэрэгслийн тоо, бүртгэл судалгаа, хаяг шилжүүлэлт зэрэг мэдээлэл бүгд Авто тээврийн үндэсний төв дээр бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, АТҮТ -ийн ажилтнууд нийслэлээс орох, гарах товчоо бүрээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоог бүртгэдэг буюу гаднын дугаартай тээврийн хэрэгслийн тоог ч бүртгэдэг гэсэн үг. Харин манайд таны асуусан шиг тоон мэдээлэл байхгүй" гэсэн хариултыг өглөө.

Мөн Гаалийн байгууллага уг мэдээллийг бүртгэдэггүй аж.

Харин Хил хамгаалах ерөнхий газрын өгсөн мэдээллээр, есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 4-ний өдрийн хооронд ОХУ-тай хиллэдэг боомтуудаар буюу Ханх, Боршоо, Цагааннуур, Алтанбулаг зэрэг боомтуудаар ОХУ-ын дугаартай 4,896 тээврийн хэрэгсэл орж ирсэн бол 4,646 тээврийн хэрэгсэл эргэн гарчээ. Энэ нь ачааны болон суудлын зэрэг бүх тээврийн хэрэгслийн тоо гэдгийг онцлов.

Харин яг манай улсад ОХУ-ын дугаартай хэчнээн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа талаарх тоон мэдээлэл төрийн байгууллагуудад байхгүй байна.

ХХЕГ-аас өгсөн тоон мэдээллээс үзвэл, сүүлийн 11 хоногт ОХУ-аас орж ирсэн тус улсын дугаартай ачааны болон суудлын 4,896 тээврийн хэрэгслээс өчигдрийн байдлаар 250 нь хараахан гарч яваагүй байна гэж үзэж болохоор байгаа юм.

Харин Зам, тээврийн хөгжлийн яам "Хилээр орж ирсэн ОХУ-ын дугаартай суудлын автомашин нэг сарын хугацаанд манай улсад зорчих эрхтэй байдаг. Харин ачаа тээврийн автомашин Зам, тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авдаг бөгөөд тоон мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Ташрамд дурдахад, гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохыг Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.