Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрш орныхоо нийслэлийг эзлэх тухай бичсэн генерал хүүгээ Уганда улсын ерөнхийлөгч албан тушаалаас нь огцруулжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Уганда улсын ерөнхийлөгчийн хүү

Африк тивийн Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусевени тус улсын зэвсэгт хүчний явган цэргийн командлагчийн албан тушаалыг хашдаг генерал хүүгээ огцруулах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Ерөнхийлөгчийн хүү, хошууч генерал Мухози Кайнеругаба сүүлийн үед “жиргээч генерал” хочоороо Угандад алдаршсан юм.

Тэрбээр твиттер хуудсандаа бусад улс орныг өдөөн хатгасан, заримдаа маш аюултай гэж болох санааг илэрхийлдэг болоод байгаа гэнэ.

Тухайлбал тэр Этиопын засгийн газрын армитай тулалдаж буй Тиграй мужийн босогчдыг болон зүүн Конго дахь зэвсэгт босогчдыг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлж байв.

Нэг удаа тэр Африкийн бүх улс орон Украинд дайн өдөөсөн Орос улсыг дэмжиж байгаа тухай жиргэж, Италийн шинэ ерөнхий сайд болох гэж буй үндсэрхэг үзэлтэй эмэгтэй улс төрчид 100 үхэр инж болгон илгээх тухай бичиж байжээ.

Харин Даваа гарагт түүний бичсэн зүйл 1986 оноос хойш ерөнхийлөгчийн алба хашиж буй аавынх нь тэвчээрийг барж, арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Кайнеругаба энэ удаа “Би болон манай арми Найроби хотыг эзлэхэд хоёр долоо хоног хангалттай” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Найроби нь Уганда улсын хөрш Кени улсын нийслэл юм.

Өнгөрсөн сард тангараг өргөсөн Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто хөрш Угандагийн ерөнхийлөгчтэй найз нөхрийн харилцаатай байдаг.

Тангараг өргөх үеэрээ тэр Угандагийн ерөнхийлөгчийг бүс нутгийнхаа “эцэг” хэмээн магтаж байв.

Кайнеругабагийн жиргээ Кенийн ард иргэдийг бухимдуулж, тус улсын гадаад хэргийн сайдыг Угандагийн элчин сайдтай уулзахад хүргэсэн юм.

Угандагийн олон нийт ерөнхийлөгч Мусевенийг хүүгээ өөрийн залгамжлагчаар бэлдэж байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ ерөнхийлөгч энэ сэжиг таамгийг олон удаа няцааж байжээ.

АНУ, Их Британид цэргийн боловсрол эзэмшсэн Кайнеругаба эхлээд Угандагийн ерөнхийлөгчийн хамгаалалтын албыг даргалж байгаад сүүлд дэвшиж, улсынхаа зэвсэгт хүчний нөлөө бүхий албан тушаалд томилогдож байжээ.

Хэдийгээр ерөнхийлөгч хүүгээ албан тушаалаас нь огцруулсан ч түүний Угандагийн зэвсэгт хүчин дэх нөлөө арилахгүй гэж олон хүн үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press