Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө

Р.Хишигжаргал, Өдрийн сонин
2022 оны 10 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИX-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-Ирэх жилийн эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна. Энэ жил манайд бодитоор ямар хүндрэл үүсэхээр байна вэ?

-2023 онд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал биднийг угтана.

Төлбөрийн баланс буюу ханш дээр энэ хүндрэл үүснэ. Учир нь ирэх жил манай улс олон бонд төлнө.

Тухайлбал, Чингис бонд 137 сая ам.доллар, Гэрэгэ бонд 533 тэрбум ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны еврод 500 сая ам.доллар, Самурай бонд 30 тэрбум иен. Энэ бол зөвхөн Засгийн газрын өр. Энэ оны эцэст онд Чингис бонд 137 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Бондын өр төлбөр нийтдээ 1.4 тэрбум ам доллар болж байгаа. Үүн дээр нэмээд Монголбанк БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн 10 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.долларын хугацаа энэ жил дуусна.

Тэгэхээр Монгол Улс нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өр төлбөрийн асуудал хүлээгдэж байна.  Гэтэл Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ бол импортын хэрэглээний 3-4 сарын л нөөц. Олон улсын стандартаар бол хамгийн багадаа зургаан сарын нөөцтэй байх ёстой.

Гэтэл манайх байх ёстой түвшнээсээ хоёр дахин буурчихсан. Дээр нь цэвэр нөөц нь хасах руу орчихсон байна.

Өөрөөр хэлбэл, энэ бол хувийн хэвшлийн банканд байгаа мөнгө. Энэ байдлаараа ирэх жилүүдэд тэр дундаа 2023 оны маш том хүндрэл бол өр төлбөрөө төлж чадахгүй буюу дефолт үүсэх эрсдэл байна. Үүнийг дахин санхүүжүүлэх асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жишгийн дагуу шинээр бонд арилжаад олсон эх үүсвэрээрээ энэ төлбөрүүдийг төлөх санхүүжүүлэх.

Хоёрдугаарт, своп хэлцлээ сунгах зэрэг ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай. Гэтэл асуудал нь өнөөдөр хөгжингүй орнуудын бодлогын хүү өссөн. Америк долларын нөөцийн сангийн бодлогын хүү өссөн. 3.5 хувьтай байна. Үр дүнд нь хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалт буурч байгаа. Үнийг дагаад хөгжиж байгаа орнуудын бондыг худалдаж авах эрэлт буурсан. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар бонд гаргалаа гэхэд хоёр оронтой тоон дээр бонд гаргах зах зээлийн орчин байна.

Грекийн эдийн засгийн хямрал, 70, 80-аад оны Латин Америкийн, Аргентины хямрал өнөөдөр Монголын нөхцөл байдалд дахин бий боллоо. Өөрөөр хэлбэл, 2015, 2016 онд долларгүй болж ханшаа хоёр дахин алдаж эдийн засаг сэхээний орон дээр байсан тэр нөхцөл байдал дахин бий боллоо. Тиймээс эдийн засгийн гол хүндрэл төлбөрийн балансын алдагдал. Ханшийн тогтвортой байдлын асуудал юм.

-Мөн инфляц төсөвт дарамт болох юм биш үү. Өнөөдөр инфляц 15 хувьтай байна. Инфляцыг бууруулах ямар боломж байна гэж харж байна?

-Тийм. Маш өндөр инфляцтай байна. Цар тахлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Тиймээс дараагийн асуудал өндөр инфляц. Үүнийг Монголбанк зохицуулах үүрэгтэй.

Бодлогын арга хэрэгсэл нь мөнгөний бодлогын арга хэрэгсэл. Гэтэл мөнгөний бодлогын арга хэрэгсэл ажиллах ямар ч боломжгүй болчихсон. Учир нь төсвийн бодлого нь мөнгөнийхөө бодлоготой уялдахгүй эсрэг зүг рүү явчихлаа.

Төсөв тэлсэн тохиолдолд инфляц буурах боломжгүй

Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан үр дүнг энэ жилийн төсвөөс ерөөсөө олж харахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гол хямрал төлбөрийн баланс. Мөн гадаад валютын нөөцийн хомсдол. Гадаад төлбөрөө төлж чадахгүй байх, дефолт зарлах хэмжээнд асуудал үүсчхээд байхад Монгол Улсын төсөв өмнөх оны баталсан төсвөөс 2.5 их наяд төгрөгөөр дахиад тэлсэн байна. Өмнөх жилийн төсөв 18 их наяд төгрөг байсан бол энэ оных 20.5 их наяд болоод өсчихлөө.

Ингээд төсвийн бодлого тэлчихээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ямар ч орон зайгүй болдог. Бодлогын хүүг сая 12 хувь болгож өгсөн. Үр дүнд нь бизнесийн зээл үнэтэй болсон. Ингээд хувийн секторын санхүүжилт тэр хэмжээгээр буурч байгаа. Төсөв тэлсэн тохиолдолд инфляц буурах боломжгүй. Хоёрдугаарт, төсвийн зарлага санхүүжилт тэлж байгаа тохиолдолд энэ эргээд импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг бий болгодог. Үр дүнд нь гадаад валютын эргэлтийг өсгөж ханш дээрээ давхар цохилт үүсгэх төсөв орж ирлээ.

-Үүнээс гарах оновчтой гарц нь юу вэ?

-Өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд төсвийн бодлогоо нэгдүгээрт тавьж, мөнгөний бодлогоо хоёрдугаарт тавьж мөнгөний бодлого нь төсвийн бодлогын тохируулагч арга хэрэгслээр ажиллаж ирлээ. Одоо байрыг нь соль. Өөрөөр хэлбэл, бодлогын гол дараалал нь төсвийн асуудал биш. Мөнгөний бодлого, тэр дундаа ханш төлбөрийн балансын асуудал гэдэг нь тов тодорхой. Ийм учраас мөнгөний бодлогоо дэмжсэн төсвийн бодлогыг Засгийн газар оруулж ирж УИХ-аар батлуулах шаардлагатай. Ядаж энэ жилийн төсвийг алдагдалгүй батал.

-Энэ жил шинээр нэг ч барилга барихгүй зэргээр төсвөө хэрэндээ л танаж байгаа гэсэн тайлбар мэдээлэл өгч байгаа шүү дээ. Тосвоос танах боломжтой оор зүйл юу байгаа вэ?

-2023 онд нэмэлтээр шинээр хөрөнгө оруулалт тусгаагүй гэж орж ирсэн нь хангалтгүй. 2023 онд төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолсон байна. Тиймээс ядаж 1.5 их наяд төгрөгийг танаж төсвөө оруулж ир. 2010 оноос хойш хөрөнгө оруулалтын санхүүжилт нь дамжиж яваа дуусаагүй барилгууд бий.

2010, 2020 оны төсөвт суусан баахан үр ашиггүй соёлын төвүүд, угтах хаалга зэрэг иймэрхүү ажлуудынхаа хөрөнгө оруулалтыг бүгдийг нь бүрэн зогсоо. Хоёрдугаарт, дутуу барилгуудаа иргэдэд нээлттэйгээр бүгдийг нь дуудлага худалдаагаар зар. Олсон орлогоор барилгын компаниудад өгөх ёстой хохирлыг нь барагдуул. Барилгын салбар импортыг 70-80 хувь өсгөдөг. Өөрөөр хэлбэл, барилгын 70-80 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг.

Одоо цементээ хүртэл импортолдог болчихлоо шүү дээ. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг зогсоосноор ам.долларын эрэлтийг бууруулах боломжтой. Нөгөө талд ийм ийм төслүүдийг хэрэгжүүлээч гэдэг зүйл бодит байдал дээр дуусахгүй. Бараа бүтээгдэхүүний өссөн үнэ буурахгүй. Хил гааль. тээвэр логистикийн асуудал энэ жилдээ шийдэгдэж чадахгүй. Мөн ковидын нөлөө урд хөршид үргэлжилсэн хэвээрээ байна.

Дефляцын үед хэрэгжүүлэх онол маш тодорхой. Төсвийн бодлогоо хумь. Мөнгөний бодлогоо хатууруул. Бүсээ чангал. Хэмнэ. Валютынхаа нөөцийг гамна. 

Хойд хөршийн дайны байдал сунжрах нь тодорхой болчихлоо. Ийм цаг хугацаанд эдийн засгийн онол, практик нь маш тодорхой, бүсээ чангал. Дефляцын үед хэрэгжүүлэх онол маш тодорхой. Төсвийн бодлогоо хумь. Мөнгөний бодлогоо хатууруул. Бүсээ чангал. Хэмнэ. Валютынхаа нөөцийг гамна. Ийм л онолтой. Ийм байдлаар төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаж явах ёстой. Дахин хэлье, энэ удаа мөнгөний бодлогоо тэргүүлэх чиглэл болгож, төсвийн бодлого нь мөнгөний бодлогыг дэмжих байдлаар үүсээд байгаа ирэх жилийн хүндрэл, дефолт болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ер нь Монгол Улс хувийн сектор нь давамгайлсан бизнес хийдэг улс болох уу, эсвэл ганц ажил олгогчтой төр байх уу гэдэгт энэ удаагийн төсөв эргэлт хийх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилийнх шиг төр давамгайлсан. нийгмийн зардлуудыг санхүүжүүлсэн төсөв дахиад орж ирлээ.

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн эрх баригчид мэдэгдсэн. Өнөөгийн нөхцөлд халамжийг танах боломж бий юү?

-Эрх барьж байгаа нам халамжаас хөдөлмөрт гэж сайхан лоозон хийсэн. Гэтэл 2023 оны төсөв дээр энэ нь бодлого болж харагдахгүй байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг 91 хувьд өгнө гэж оруулж ирж байгаа нь хангалттай биш. Өндөр орлоготой гэр бүлүүд 16, 17 настай хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний хуваарилалтыг хязгаарлах хэрэгтэй. Бага орлоготой, олон хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн мөнгийг чиглүүлэх ажлаа зоригтой хий.

Хүүхдийн мөнгө бол халамж гэдэг нь маш тодорхой. Халамжийг халамж хэрэгтэй хэсэгт нь өгөх ёстой. Хавтгайруулж болохгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт биш. Мөн хүн амаа өсгөх бодлого биш. Хэрвээ хүн амаа өсгөх бодлого юм бол шатлалтай байх хэрэгтэй.

Анхны хүүхдэд өгч байгаа мөнгө хоёр дахь хүүхдийнхээс бага байх ёстой. Гурав дахь хүүхдийнх хоёр дахь хүүхдийнхээс арай өндөр гэх мэтээр. Олон хүүхэдтэй болох хөшүүрэг ингэж ажиллана. Гэтэл манайх хавтгайруулж олгоод байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт чиглүүлэх хэрэгтэй.

Элдэв төрлийн халамжуудаа одоо хас. Төсвийн гадуур төрийн өмчит компанийн санхүүжилтээр хийгдэж байгаа халамжийн бодлогоо бүгдийг нь зогсоо. Ковидын үед иргэдээ хайрлаж, бизнесээ дэмжинэ гэсэн үр ашиг муутай хөтөлбөрүүдээ зогсоо. 10 их наядын хөтөлбөрөө зогсоо. 1.7 тэрбум ам.долларын валютыг зах зээлд арилжаад нөөц байхгүй болчихсон. Учир нь 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа. импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө.

Хоёрдугаарт, МАН-ын явуулж байгаа урт хугацааны репо санхүүжилтээ зогсоо. Энэ нь бизнесийг дэмжихээс илүү банкны активууд. балансыг нь цэвэрлээд дууслаа.

Гуравдугаарт, уул уурхайн орж ирсэн мөнгө угаалт барилга болж хувирдаг. Барилгыг санхүүжүүлэх зорилгоор хийгдсэн ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрөө одоо зогсоо. Ханш дээр цохилт болж орж ирээд ам.долларын ханшийг өгсөөд байгаа төсвийн шинж чанартай ийм ажлуудыг одоо зогсоо.

-16-17 насны хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй гэж нас заадаг нь ямар учиртай юм бэ?

-Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж байгаа тохиолдолд яг хэрэгтэй хэсэгт энэ санхүүжилтийг зориулах нь зүйтэй.

Зорилтот бүлгийг тодорхойлох маш олон арга хэрэгсэл байна. Орлогынх нь ялгаатай байдлаар. насаар нь зэрэг. Бид аль алийг нь ашиглах хэрэгтэй. Тухайлбал, өндөр орлоготой, өндөр цалинтай төрийн өмчийн компанийн захирлууд, уул уурхай, архи тамхины бизнес эрхлэгчид ч гэдэг юм уу, дарга сайд нарын хүүхдэд олгож байгаа мөнгийг зогсоох хэрэгтэй.

Хоёрдугаарт, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авдаг. Тиймээс 16, 17 насны хүүхдэд олгох мөнгөө хасах нь зүйтэй. Ер нь хүүхдийн мөнгө хүнс, өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байна. Зарим тохиолдолд архи, тамхинд зарцуулагдаж байна. Тиймээс архи, тамхинд зарцуулагдахгүй байх хязгаарлалтыг хийх хэрэгтэй.

Хүүхдийн мөнгө өгч л байгаа бол тэр эх үүсвэрээр дотоодын хүнс, барааны бүтээгдэхүүнийг авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Шаардлагатай бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах талон байна гэдэг ч юм уу зориулалт зөвхөн ийм байхаар хязгаарлаж ийм арга хэрэгслийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эх оронч худалдан авалтыг хийхгүй бол долларын нөөцөө дуусгаад эдийн засаг дампууралд орох гээд байна. Ингэвэл орлого багатай хэсэг нь ч, дундаж орлоготой. өндөр орлоготой хэсэг нь ч нийтээрээ их хохирол амсана Ард иргэдэд таалагдах гэсэн популизм хийж халамжаа хавтгайруулдаг нийгмийн даатгал болон тэтгэврийнхээ санг хоосолдог, төсвийн гадуур төрийн өмчит компаниудын зарцуулдаг хөгийн системээ эдийн засаг хүндэрсэн энэ үед л хумьж авах шаардлагатай.

Энэ бол Монгол Улсад ирээдүйд амьдрах монголчуудад илүү өгөөжтэй. Улс төрөө одоо хойш тавьж эдийн засгийн тооцоо судалгаатай, прагматик бодлого руугаа Засгийн газар зоригтой анхаарч, төсвөө дахин оруулж ирж Төсвийн хуулиа батлах шаардлагатай.

Зураг