Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн мисс Украин дуу дуулаад шийтгүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Оросын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэргээр Крымийн засаг захиргаа хоёр эмэгтэйд шийтгэл оноожээ.

Тэдний нэг нь 2022 оны Крымийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Ольга Валеева юм байна.

Тэрбээр өөрийн найз бүсгүйн хамт тагтан дээр зогсоод “Червона Калина” хэмээх эх оронч агуулгатай украин дууг дуулснаа Инстаграм хуудсандаа нийтэлсэн ажээ.

Крымийн засаг захиргаа Валееваг 40,000 рублиэр ($677) торгож, найзад нь 10 хоног хорих шийтгэл оноожээ.

“Хоёр эмэгтэй экстремист байгууллагын сүлд дууг дуулснаа интернэтэд нийтэлсэн тул шийтгүүллээ” гэж Крым мужийн дотоод хэргийн газар Телеграм хуудсандаа мэдээлсэн байна.

Крымийн цагдаа олон нийтээс уучлал гуйж буй хоёр эмэгтэйн дүрс бичлэгийг бас сошиал сувгаараа цацжээ. Ингэхдээ тэдний царайг бүдгэрүүлсэн байна.

“Бид зүгээр л украин дуу дуулсан. Бид мэддэг хуучны дуугаа дуулж байна гэж бодсон” гэх Валеева сүүлд сошиал хуудсандаа тайлбарлан бичжээ.

Өнгөрсөн сард энэ дууг нэгэн хуримын үеэр дуулсан хэрэг гарахад Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов ийм тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа иргэдэд анхааруулж байв.

“Ялангуяа цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй энэ үед ийм үндсэрхэг үзэлтэй дууг дуулбал хатуу шийтгэх болно. Дуулсан хүмүүсийг урвагчид тооцно” гэж тэр Телеграм хуудсандаа бичиж байжээ.

 

Эх сурвалж: AFP