Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны сурагч охид засгийн газрынхаа эсрэг тэмцэлд нэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Иранд өрнөж буй шашны хатуу дэг ёсыг эсэргүүцсэн иргэдийн бослого тэмцлийн эхний өдрүүдэд өсвөр насны нэг охин хууль хүчнийхний гарт амиа алдсан нь саяхан тодорхой болсон юм.

Нийслэл Тегеранд оршин суудаг Ника Шахкарами өнгөрсөн Ням гарагт 17 нас хүрэх байжээ. Түүний шарилыг гэр бүлийнхэн нь 10 хоногийн дараа хорих ангийн цогцос хадгалах газраас олсон юм.

Үе тэнгийнх нь хүүхэд Тегераны дэглэмийн гарт алагдсаныг мэдсэний дараа Ираны дунд сургуулийн охид засгийн газрынхаа эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

Сошиал орчинд сургуулийнхаа танхимын хананд өлгөсөн Ираны удирдагчдын хөрөгт эсэргүүцэл үзүүлж буй сурагч охидын дүрс бичлэг, зургууд олноор таржээ.

Нэг видео бичлэгт Исламын хувьсгалаас хойш Ираныг захирч байгаа Аятолла Хомейни, Аятолла Аль Хамени нарын хөргийг хананаас буулгаж, оронд нь тэмцлийн уриа бүхий зурагт хуудас өлгөж байгааг харуулсан байна.

зураг
 

Иранд өрнөж буй иргэдийн тэмцэл нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Тегераны дэглэмд тохиолдсон хамгийн хүнд сорилт болж байгаа юм.

Анх хижаб буюу нүүрний өмсгөлгүй олон нийтийн газарт зорчсон шалтгаанаар саатуулагдсан Махса Амини хэмээх курд үндэстэн бүсгүй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан нь тэмцэл эхлэх шалтгаан болж байв.

Хоёр долоо хоног гаруй хугацаанд үргэлжилж буй тэмцлийг Тегераны эрх баригчид хүчээр нухчин дарахыг оролдохын хэрээр эсэргүүцэл улам нэмэгдэж байна.

Өчигдөр Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси үндэсний эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэхийг ард иргэддээ уриалсан байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ бослого тэмцлийг гадаадаас зохион байгуулж буйг тайлбарлаж, Тегераны эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагаа нийгмийг бухимдуулсныг бас хүлээн зөвшөөрсөн юм.

Гэсэн хэдий ч иранчуудын тэмцэл намжих шинжгүй байна. Ираны хамгийн хатуу чиг баримжаатай өдөр тутмын хэвлэлүүд ч эрх баригчдыг илт шүүмжлэх болжээ.

“Гадаадын дайснууд ч, дотоодын сөрөг хүчин ч Ираны хотуудыг үймээн самуунд ингэж хүчтэй турхирч чадахгүй. Бодит байдлыг үгүйсгэх нь эрх баригчдад тус болохгүй байх” гэж Жомхури Эслами сонины редакцын нийтлэлд бичсэн байна.

Цэрэг цагдаагийн хүч тэмцлийг дарахын тулд галт зэвсэг хэрэглэсний улмаас 50 гаруй хүн алагдсан нь батлагдаад байгаа. Үүнээс гадна 1,500 гаруй тэмцэгч баривчлагджээ.

 

Эх сурвалж: The Guardian