Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ" уриан дор энэ жилийн багш нарын өдрийг тэмдэглэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс Монголын багш нарын өдрийг 56 дахь жилдээ, дэлхийн багш нарын өдрийг 28 жилдээ тэмдэглэж байна. 

ЮНЕСКО 2022 оны багш нарын өдрийг "Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын 2,389 байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд эдгээрт нийт 99.4 мянган багш, ажиллагчид ажилласан байна.

Тэдний

  • 31 мянга нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад
  • 56.2 мянга нь ерөнхий боловсролын сургуульд
  • 12.2 мянга нь их, дээд сургууль, коллежид ажиллаж байна.

Бүх шатны сургуульд ажиллаж буй нийт багш, ажилтнуудын

  • 84.5 мянга нь төрийн өмчийн
  • 14.9 мянга нь хувийн өмчийн сургуульд ажилладаг.

Ташрамд дурдахад, энэ онд анх удаа багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, танилцуулсан. Зөвхөн үндсэн орон тоонд ажиллаж буй 29,324 багшийг хамруулсан уг үнэлгээгээр нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2,982, гуравдугаар түвшинд 3,351, дөрөвдүгээр түвшинд 5,016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш байв.

Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрдсэн юм.