Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баасандорж: Үйлчилгээний болон оффисын зориулалттай талбай ямар байх талаар стандарт нь ойлгомжгүй, эргэлзээтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Стандарт, хэмжил зүйн газар(СХЗГ)-т өнөөдөр Шадар сайд тэргүүтэй албаныхан ажиллаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар хоорондын уялдааг хангах талаар зөвлөлдлөө. 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын дарга Ц.Баасандорж хуультайгаа нийцдэггүй, ойлгомжгүй стандарт их байгааг шүүмжиллээ. Мөн хэрэглэхэд хүнд байдгийг ч дурдсан юм. 

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүнсний салбарын 695 стандартад 2022 оны наймдугаар сард МХЕГ болон СХЗГ хамтран хяналт хийсэн байна. 

Үүний үр дүнгийн талаар МХЕГ-ын дарга Ц.Баасандорж "Хүнсний чиглэлийн 695 стандарт дээр ажиллахад 129 нь хэвийн гэж харсан. Бусдыг нь өөрчлөх, заримыг нь хүчингүй болгох шаардлагатай. 

Жишээлбэл, хадгалалтын хугацааны хувьд дотоодод үйлдвэрлэдэг өндөг дээр нэг стандарт, гадаадынханд бас нэг стандарт бий. Энэ мэт өөр өөр байна.

Барилгын салбарын стандарт их хуучирсан. Иргэд орон сууцны талбайгаа үйлчилгээний болгох зорилгоор их өөрчилдөг. Гэтэл манайд үйлчилгээний зориулалттай талбай, оффисын зориулалттай талбай ямар байх ёстой талаар тодорхой зүйл байхгүй. Стандарт нь ойлгомжгүй, эргэлзээтэй" гэв. 

Мөн тэрбээр стандартаа олон улсын, бүс нутгийн стандартууд, практик, нотолгоо зэргийг сайтар судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргадаг болох, бараа бүтээгдэхүүнд зориулж баталдаг биш, олон талаас нь судалж стандартаа батлах хэрэгтэй хэмээх санал хэлэв.