Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украины арми Херсон хотын чиглэлд фронтын шугамыг нэвтэлсэн тухай мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд бүсийн Херсон хотоос зүүн хойд зүгт орших фронтын шугамыг Украины цэргүүд нэвтэлж, Оросын зэвсэгт хүчний байрлалуудыг эзэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Уг мэдээллийг Оросын батлан хамгаалах яам болон Оросоос томилогдсон орон нутгийн удирдлагууд баталсан байна.

Зүүн фронт дээр бас Украины арми амжилттай давшиж, Луганск мужийн зарим газар нутгийг чөлөөлжээ.

Даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “олон газарт ширүүн тулаан өрнөж байгаа” тухай ярьсан юм.

Украины цэргүүд Луганск мужийн Кременная, Сватово тосгодыг чөлөөлж, фронтын шугамыг цөөн километрээр ахиулсан тухай тус муж дахь Оросын засаг захиргааны төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Өмнөд фронт дээр Украины арми Днепр мөрний эрэг дэх Дудчаны тосгоны дэргэд амжилттай довтолсон тухай Оросоос томилогдсон Херсон мужийн захирагч Владимир Сальдо мэдээлсэн байна.

Уг тосгон нь өмнөх фронтын шугамаас өмнө зүгт 30 км зайтай оршдог юм.

ОХУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков тооны хувьд давуу Украины танкууд фронтын зааг болж байсан Золотая Балка тосгоны орчимд “гүнзгий цөмөрч орсон” тухай мэдээлжээ.

Энэ тулаанд Оросын арми Украины 130 цэргийг устгасан тухай тэр бас мэдэгдэлдээ дурдсан байна.

Украины армийн зорилго нь Днепр мөрний баруун эрэгт байрлаж буй Оросын 25,000 орчим цэргийг арын хангамжаас нь салгаж, бүслэн хаах болохыг цэргийн мэргэжилтнүүд мэдээлж байгаа.

Оросын хүчийг ар талтай холбох гол зам болж байсан Антоновскийн гүүр Украины армийн их бууны цохилтод гэмтэж, зорчих боломжгүй болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн Баасан гарагт Оросын эрх баригчид Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснээ албан ёсоор зарласан юм. Гэхдээ Киевийн засгийн газар 2014 онд ОХУ-д хууль бусаар нэгтгэгдсэн Крымийн хойгийг оролцуулаад эзлэгдсэн бүх нутаг дэвсгэрээ чөлөөлөх зорилт тавиад байна.

 

Эх сурвалж: BBC