Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Хүмүүс мах идэхээ больсноор уур амьсгалын хямрал шийдэгдэхгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Саяхан Блүүмбэрг сувагт ярилцлага өгөхдөө Америкийн тэрбумтан Билл Гэйтс хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломж бага болохыг хэлжээ.

“Мах идэхийг нь болиулах юм уу, тансаг сайхан байр сууцанд амьдрахыг нь хориглох зэргээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх маш хэцүү гэж би бодож байна. Уур амьсгалын хямралтай тэмцэхэд ийм аргаар нөлөөлөх боломжгүй” гэж Гэйтс ярьсан байна.

Түүний үзэж байгаагаар зөвхөн инновац л уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гэнэ.

“Бид нисэх онгоцны түлш, цемент, ган зэргийг эдийн засгийн өртөг багатай аргаар үйлдвэрлэх нээлтийн талаар бодож ч эхлээгүй байна. Одоогоор бид нөөц боломжоо зөвхөн эрчим хүч үйлдвэрлэл зэрэг цөөн салбарт чиглүүлж,  хүлэмжийн хийн ихэнх эх үүсвэрүүдийг анхаарлынхаа гадна байлгаж байна” гэж Гэйтс ярьжээ.

Өөрөөр хэлбэл инновац нэвтрүүлж, шинэчлэх шаардлагатай олон салбар хүлээгдэж байгааг тэр ингэж илэрхийлсэн байна.

Дэлхийн тав дахь баянд тооцогддог Билл Гэйтс олон жилийн өмнөөс эрчим хүчний салбарт хувьсгал хийх зорилготой олон төслүүдэд хөрөнгө оруулсан юм.

2015 онд тэр цөмийн реакторын шийдэл боловсруулах TerraPower компанид хөрөнгө оруулж байсан бол санаачилсан Breakthrough Energy сан нь өнөөдрийн байдлаар бараг 100 орчим цэвэр эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулжээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард Inflation Reduction Act нэртэй хууль батлахдаа ирэх найман жилийн хугацаанд тус улсын хүлэмжийн хийн ялгаруулалтыг 40 хувиар бууруулахад зориулан $370 тэрбумын хөрөнгийг тусгасан юм.

Уг хуулийг боловсруулах ажилд гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг нь Билл Гэйтс юм байна.

 

Эх сурвалж: Business Insider