Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургуулийн спорт наадамд бэлдэж байсан хүүхдүүдийн зургийг ямар зорилгоор авч цахим орчинд тавиад байгааг ойлгохгүй байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
фейсбүүк хуудсаас авав

Сурагчдыг жагсааж, галуун цуваагаар алхуулж буй бичлэг цахим орчинд цацагдаж, иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн орчинд болсон байж болзошгүй. Тодруулбал, тус сургуулийн ахлах ангийн сурагчдыг цэрэгжилтийн бэлтгэл нэрээр дарамталж, зүй бусаар харьцаж байна гэх хардлага байсан.

Энэ мэдээллийн дагуу Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад “Манай сургуулийн орчинд ийм үйл ажиллагаа болоогүй. Энэ бол манай сургууль биш. Манайд цас борооноор ийм үйл ажиллагаа гадаа явагддаггүй. Нэгдүгээр сургуулийн нийт багш, сурагчдын нэр төрд халдсан ташаа мэдээлэл түгээсэн. Өөр сургуулийн асуудал” хэмээн хэллээ.

Нийслэлийн Боловсролын газрын холбогдох эх сурвалж "Нэгдүгээр сургуульд ийм зүйл болоогүй. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль гэх мэдээлэл бий. Энэ сургууль нь БШУЯ-ны харьяа учраас бид хяналт тавих эрхгүй" гэв.  

Харин Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулиас "Сургуулийн спорт наадамд бэлдэж байсан хүүхдүүдийн зургийг цахим орчинд тавьсан байна. Энэ бол манай сургуулийн дотоод ажил бөгөөд спорт наадмын бэлтгэл хийж байсан. Спартакиадын бэлтгэлээ хийгээд өнөөдөр тэмцээн нь болж байна.

Хүүхдүүдийн зургийг хэзээ, хаанаас ямар зорилгоор авч цахим сүлжээнд тавиад байгааг нь ойлгохгүй байна. Манай сургуулийн үүдэнд байгаа ногоон хувцастай хүүхдүүдийн зургийг хүртэл дайнтай холбоод л бичсэн байсан. Би тэрийг нь хараад л өнгөрсөн" гэсэн тайлбарыг өглөө. 

зураг
 
зураг