Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Путиний холбоотнууд Украины дайнд алдаа гаргасан генералуудыг шийтгэхийг шаардаж эхлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины арми Донецк мужийн стратегийн өндөр ач холбогдолтой Лиман хотыг бүрэн чөлөөлсөн нь Оросын хувьд томоохон ялагдал болоод байна.

Дөнгөж урд өдөр нь Украины Донецк болон бусад дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсний ёслолын арга хэмжээ Кремлийн ордонд зохион байгуулагдаад байв.

Лиман хотоос Оросын цэрэг ухарсан явдал Путиний тойрон хүрээлэгчдийг нэлээд хилэгнүүлээд байна. Тэд урагшгүй генералуудтай хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

Тухайлбал Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров “чадваргүй генералуудыг фронт руу илгээж, алдсан нэр төрөө цусаараа угааж цэвэрлэх боломж олгох”-ыг уриалсан мэдэгдлийг Телеграм хуудсандаа нийтэлсэн байна.

Оросын хувийн батлан хамгаалахын Вагнер Группийн үүсгэн байгуулагч, олигархи Евгений Пригожин “бүх хог шааруудад пулемёт бариулаад фронт руу илгээх хэрэгтэй” гэж ярьсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Сүүлийн үед Украины фронтод гарсан ухралтуудад ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг ихэнхдээ буруутгаж байгаа. Есдүгээр сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа ч бас Оросын олон нийтийн төдийгүй Путиний хүрээллийнхний уур бухимдлыг нэмэгдүүлээд байна.

Олон улсын тавцанд Оросын байр суурь хүндэрснийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байгаа. Тухайлбал Украины газар нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд хууль бусаар нэгтгэсэн үйлдлийг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл буруушаасан тогтоолд санал хураахад Оросын холбоотон Хятад, Энэтхэг улсууд түдгэлзсэн юм.

Уг тогтоолыг ОХУ ганцаараа эсэргүүцжээ.

 

Эх сурвалж: Business Insider