Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

10-12 дугаар ангийн сурагчдын цахим сургуулиар дамжуулж гадаадад байгаа монгол хүүхдүүдэд ЕБ-ын гэрчилгээг дүйцүүлэн олгоно

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын анхны онлайн сургууль болох “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Тус цахим сургуульд 21 аймаг, ес дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10,407 сурагч суралцана. “Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах талаар БШУЯ-аас мэдээлэв.

Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдах юм.

Энэ хүрээнд танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүллээ. Төлөвлөлтөд шилжүүлэх баг нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ЕБС-ийн мэргэшсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Одоогоор 228 багш цахим сургуульд багшлах шалгуурыг хангаад байгаа бөгөөд ЕБС-ийн 10 дугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгууллаа. Сонголтын дараа бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлах боломжгүй байгаа сурагчдын тоог гаргаж, бүлэгт хуваарилж, цахимаар судлах бэлтгэлийг хангажээ.

Цаашид энэ сургуулиар 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангах юм байна.

Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран суралцаж, өөрийн авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, сонгон судлах давуу талтай.