Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эзлэгдсэн газар нутгийг нь ОХУ өөртөө нэгтгэсний дараа Украин улс НАТО-д элсэх үйл явцаа түргэвчлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг нь ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсний дараа Украин улс НАТО-д яаралтай гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

“Бид шийдэмгий алхам хийж, НАТО-д түргэвчилсэн горимоор элсэх Украин улсын хүсэлтийг илгээлээ” гэж тэр өчигдөр орой мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бодит байдал дээр бид тус эвслийн стандартыг хангаж чадахаа батлан харуулсан. Тулааны талбарт болон бидний бусад бүх харилцаанд энэ стандарт бодитой хэрэгжсэн. Бид харилцан нэгэндээ итгэж, тусалж, нэг нэгнээ хамгаалж байна. Үүнийг эвсэл гэдэг юм” гэжээ.

Зеленский бас Украины эзлэгдсэн бүх газар нутгийг чөлөөлөхөө дахин амласан юм.

“Зөвхөн Украины төдийгүй бүх хүн төрөлхтөн, хууль дүрэм, үнэний дайснаас бид бүх газар нутгаа чөлөөлөх болно. Орос улс үүнийг хэдийнээ ойлгож эхэлсэн. Тэд манай хүчийг мэдэрч байгаа” гэж тэр хэлжээ.

Путин яриа хэлэлцээг шинээр эхлүүлэх санал тавьсан талаар сэтгүүлчид Зеленскийгээс асуухад тэр “Бид Орос улстай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ Оросын өөр ерөнхийлөгчтэй” гэж хариулсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Европын Холбооны гишүүнээр Украин улсыг элсүүлэх эхлэлийг Брюсселийн эрх баригчид тавьсан юм.

Хэдхэн сарын өмнө төсөөлөхийн аргагүй байсан энэ шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнууд дуу нэгтэй дэмжсэн нь ховор үзэгдэл байлаа.

Гэхдээ нэгэнт газар нутаг дээр нь дайн үргэлжилж буй Украин улсын аюулгүй байдлыг хангах нь НАТО, Европын Холбооны аль алины хувьд хэцүү сорилт болно гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press