Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины газар нутгийг ОХУ-д хууль бусаар нэгтгэсний хариуд АНУ хатуу хориг арга хэмжээ авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснээ Путин зарласны дараа АНУ-ын засаг захиргаа Москвагийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлажээ.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа бас энэхүү хууль бус нэгтгэлийг дэмжсэн аливаа хувь хүн, байгууллага, улс орон хатуу шийтгэл амсахыг анхааруулсан байна.

“Украины тусгаар тогтносон газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн Оросын луйврын оролдлогыг АНУ эрс буруушааж байна. Орос улс олон улсын хууль, НҮБ-ын дүрмийг уландаа гишгэж, бусад энх тайванч улс орнуудын аюулгүй байдалд заналхийллээ” гэж Байдены мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ удаагийн хориг арга хэмжээнд Путиний дэглэмтэй холбоотой олон зуун хувь хүн, Оросын армийн ханган нийлүүлэгч 14 байгууллага багтаж, АНУ-ын экспортын хяналтын жагсаалтад өөр 57 байгууллагыг нэмсэн байна.

Үүнээс гадна Их Долоогийн бүлгийн гишүүд болох АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад улсууд Оросын хууль бус нэгтгэлийг дэмжсэн орнуудын эсрэг хатуу арга хэмжээ авахаар санал нэгджээ. Бас бүлгийн гишүүн бүр Оросын эрх баригчдын эсрэг тус тусын хориг арга хэмжээгээ авч эхэлсэн юм.

АНУ болон түүний холбоотнуудын авсан хариу арга хэмжээ Хятад, Энэтхэг зэрэг Оросын эсрэг эдийн засгийн хоригт нэгдээгүй орнуудад үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.

Ялангуяа Бээжингийн эрх баригчид Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй АНУ-ын арга хэмжээ бүрийг анхааралтай ажиглаж, өөрт үзүүлэх сөрөг нөлөөг тооцоолж буй гэж үздэг.

Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Украиныг эзлэн түрэмгийлэх дайнд Орос улсыг шууд буруутгахаас Хятад улс өнөөдрийг хүртэл татгалзсаар байгаа. Гэхдээ Украиныг оролцуулаад дэлхийн бүх улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэсэн байр суурийг Бээжингийн эрх баригчид байнга илэрхийлж байна.

 

Эх сурвалж: Associated Press