Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснийг Путин албан ёсоор зарлав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Кремлийн ордны Гэгээн Георгиевийн танхимд болсон ёслолын арга хэмжээний үеэр Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын газар нутагт нэгтгэснийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин зарлалаа.

Ингэснээр Украинд долоон сар гаруй хугацаанд үргэлжилсэн дайн аюултай шинэ үе шатанд шилжиж байна.

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын хэсгийг ОХУ-д нэгтгэснээ Путин “түүхэн Орос орныг сэргээх тэмцлийн эхлэл”, “сая сая хүний хүсэл” гэж нэрлэжээ.

“Киевийн эрх баригчид болон тэдний жинхэнэ эзэд болох Өрнөдийнхөн миний хэлэх үгийг сонсоод мартахгүй санаж яваасай гэж би хүсэж байна. Луганск, Донецк, Херсон, Запорожьед оршин суудаг хүмүүс одоо манай иргэд болсон. Үүрд!” гэж Путин энэ үеэр мэдэгдсэн байна.

Дараа нь тэр хэлэлцээний ширээнд суухыг Украины эрх баригчдад уриалсан юм.

“Бид Киевийн дэглэмд 2014 онд эхэлсэн дайнаа зогсоохын тулд хэлэлцээний ширээний ард суухыг уриалж байна. Бид үүнд бэлэн байна” гэж Путин хэлсэн байна.

Үүнээс гурван өдрийн өмнө Москвагаас томилсон орон нутгийн засаг захиргаа дээрх дөрвөн бүс нутагт явуулсан ОХУ-д нэгдэх асуудлаарх санал хураалтаа өндөрлүүлсэн юм.

Санал хураалтын үр дүнд нутгийн ард иргэдийн 99 хүртэл хувь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжсэн гэж тэд мэдээлээд байгаа.

Гэхдээ санал хураалтыг зэр зэвсгийн сүрдүүлэг дор тавьсан жүжиг гэж Украин болон Өрнөдийн орнууд үзэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэсэн ёслолыг хууль бус гэж зарласан бол Киевийн засгийн газар “Кремлийн галзуу шоу” гэж нэрлэжээ.

Путин өчигдөр хэлсэн үгэндээ Өрнөдийн либерализмыг “ёс суртахуунгүй, чөтгөр шулмын хүч”, “уламжлал, шашны үнэт зүйлсийг үгүйсгэгч” хэмээн хүчтэй шүүмжилсэн байна.

Тэрбээр бас Умард Урсгал хий дамжуулах хоолойг санаатай эвдэн сүйтгэсэн хэрэгт АНУ болон түүний холбоотнуудыг шууд буруутгажээ.

Европ тивд ОХУ-аас хий дамжуулдаг хоёр хоолой өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн газраараа задарсныг Өрнөдийн орнууд хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэсэн юм. Ингэхдээ Оросын талаас явуулсан ажиллагаа байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа.

Харин Путин хэлэхдээ “Англо-Саксончуудын хувьд хориг арга хэмжээ хангалтгүй бололтой. Тэд одоо хорлон сүйтгэх ажиллагаанд шилжиж байна. Итгэхэд хэцүү ч Умард Урсгал хий дамжуулах хоолойг дэлбэлэх ажлыг тэд зохион байгуулсан нь тодорхой болсон. Тэд пан-Европын эрчим хүчний дэд бүтцийг устгаж эхэллээ. Энэ нь хэнд ашигтайг бүгд мэдэж байгаа. Мэдээж ашиг хүртэж буй этгээд л үүнийг хийнэ” гэсэн юм.

2014 онд нэгтгэсэн Крымийн хойг дээр Донецк, Луганск, Херсон, Запорожье дөрвөн бүс нутгийг нэмснээр одоо Украины хууль ёсны газар нутгийн 22 орчим хувийг ОХУ өөртөө хууль бусаар нэгтгээд байна.

Ингэснээр Украинд одоо үргэлжилж буй дайныг ОХУ өөрийн газар нутагт халдсан хэрэг гэж үзээд цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм.

Хэд хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа хэрвээ Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл Оросын эрх баригчид сүйрлийн үр дагавар амсахыг хатуу анхааруулж байв.

 

Эх сурвалж: Reuters