Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсүрэн: Төр өөрийн буруутай үйлдлээ иргэнээс хайх гэсэн оролдлогыг таслан зогсоосон том алхам боллоо

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
фейсбүүк хуудсаас авав

Коронавирусийн үед “Энхсаран” сувиллын бодит нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбат шүүх хурлаар ялалт байгуулсан байна. Түүнд үүсгэсэн Зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг хоёр шатны шүүх хурлаар ялалт байгуулсан талаар тэрбээр өөрийн цахим хуудаст нийтэлжээ. 

Эргэн сануулахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт түүнийг яллагдагчаар татаж байсан.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дахь заалтаар буруутгаж, олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзсэн байдаг. Тус хуулийн заалтыг тодруулбал, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан. 

Энэ талаар иргэн Д.Мөнхбат "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг хоёр шатны шүүх дээр ялалт. Нийт хоёр жил шүүх, цагдаа, прокуророор явсны эцэст үнэн яллаа..." хэмээн бичжээ.

Үүнтэй холбоотойгоор Д.Мөнхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад "Иргэний хэргийн анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс иргэн Д.Мөнхбатын талд шийдвэр гаргасан. Түүний иргэний хэргийн өмгөөлөлд Fidelitas Partners-ийн хамт олон ажилласан.Миний хувьд түүний зөрчлийн хэрэг дээр ажиллаж байсан. 

Цар тахлын үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард иргэн Д.Мөнхбат нь өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Ингэж өөрийн үзэл бодлыг илэрхийлж, нийгэмд шударга шүүмжлэл өрнүүлэн шүгэл үлээснийхээ төлөө хоёр жилийн хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бусдад гоц халдварт өвчин тараах заалтаар яллагдагчаар татаж байсан. Яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байсан асуудал өнгөрсөн жил үүссэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалтаар буруутгаж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл тараасан гэх үндэслэлээр торгууль оногдуулж байсан. Улмаар 2021 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс тухайн торгуулийн хуудсыг нь хэрэгсэхгүй болгосон.

Төр өөрийн буруутай үйлдлээ иргэнээс хайх гэсэн оролдлого байсан. Энэхүү оролдлогыг таслан зогсоосон том алхам боллоо. Нэг талаар сургамжтай. Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэр маань үнэ цэнтэй. Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа хэмээн харж байна" гэж хэллээ.