Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох нь их байгааг анхаарууллаа

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн 16 хоногийн байдлаар нийт 653 гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Үүний ес нь хүнийг санаатай алах, 19 нь дээрэмдэх, 154 нь хулгайлах, 23 нь малын хулгайн, 17 нь хүчиндэх, 179 нь залилах, 160 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэргийн жишээ хэлэхдээ "Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт иргэн Д нь толгойн тус газраа буудуулж нас барсан хэргийг иргэн Б үйлдсэн нь тогтоогдсон. Энэ хэргийг шалгаж байна" гэв.

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох нь их байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дээрэмдэх гэмт хэргийн 80 хувь нь нийслэлд үйлдэгдэж байгаа бөгөөд хохирогчдын 68 нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ, шөнийн цагаар явж байхдаа халдлагад өртсөн гэдгийг онцлов.

"Мөн хүчиндэх 17 гэмт хэргийн 65 хувь нь гэмт хэргийг үйлдсэн этгээд нь мөн согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Иймд иргэд согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Үнэхээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хамт байсан хүмүүс нь гэрт нь хүргэж өгөх байдлаар анхаарал тавих ёстой.

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж байгаа хэргийг бууруулах тал дээр анхааран ажиллаж байгаа” гэсэн юм.

"Малын хулгайн гэмт хэргийг дэвшилтэт технологи ашиглан үйлдэж байна"

Үргэлжлүүлэн, малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оноос 35 хувиар өссөн талаар хэллээ.

Энэ тухай "Ялангуяа сүүлийн үед үйлдэгдэж байгаа малын хулгайн гэмт хэрэг зохион байгуулалтад орсон бөгөөд хэрэг үйлдэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байна. Хэдхэн хоногийн өмнө бүхэл бүтэн нэг айлын амьжиргааны эх үүсвэр болсон малыг тэр чигээр ачаад хот руу орж ирэх гэж байгаад баригдсан.

Мөн сүүлд үйлдэгдэж байгаа хэргийг ажиглавал, энэ төрлийн гэмт хэрэг говь, тал хээртэй газрууд руу шилжиж байна.

Хангайн аймгуудын хувьд харьцангуй нутаг хошуугаараа нийлээд бүлгэм байгуулаад аливаа гэмт хэрэг, эсвэл хээрийн амьтнаас малаа өөрсдөө харж хамгаалах зохион байгуулалтад орсноор халдлагад өртөх байдал нь бусад газруудтай харьцуулахад багассан.

Гэмт хэрэг үйлдээд баригдсан этгээдүүдийн ярианд ч тийм бүлгэмтэй аймгуудад гэмт хэрэг үйлдэх нь хэцүү байдаг тул говийн аймгуудаас мал хулгайлсан талаар дурддаг.

Тиймээс говийн аймгуудын малчид малаа хариулах тал дээр анхаарахыг сэрэмжлүүлж байна" хэмээн ярилаа.