Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Бага насны хүүхдүүд гэртээ байхдаа гадаргуутай илүү их харьцдаг учраас сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт өнөөдөр боллоо. 

Монгол Улс нь сүрьеэ, Олон Эмэнд Тэсвэртэй Сүрьеэ (ОЭТС)-ийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж байна. Сүрьеэгийн халдвар авсан нийт өвчтөний 74 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг талаарх судалгааг ХӨСҮТ-ээс танилцуулж байсан. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад "Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд сүрьеэ өвчний эсрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хойш тавьсан. Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад үндсэн тусламж үйлчилгээ нь тасалдах аюул байна гэдгийг ДЭМБ-аас зарлаж, энэ нь эрүүл мэндийн салбарт эрсдэл учруулна хэмээн сануулсан байдаг" хэмээн хэлэв. 

Мөн тэрбээр "Сүрьеэ нь олон хэлбэртэй өвчин. Чухам ямар эрхтнийг хамарч өвчилж байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус хэмээн үздэг. Түүнчлэн эмийн эмчилгээнд хэр зэрэг үр дүнтэй байна вэ гэдгээс хамаарч сүрьеэгийн эмэнд мэдрэг, сүрьеэгийн эмэнд дасалтай гэж ангилдаг. Энэ бол агаар дуслын замаар дамжиж халдварладаг өвчин. Ялангуяа, гэр бүл, найз нөхөд, ажлын орчинд халдвар тараах эрсдэл маш өндөр. 

Тухайлбал, гэр бүлийн хэн нэгэн гишүүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд хүүхдэд халдварлах эрсдэлтэй болдог. Уг өвчний халдвар агаар дуслын замаар дамждаг хэмээн дээр дурдсан. Тэдгээр дуслууд нь гадаргуу дээр унаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог гэсэн үг. Бага насны хүүхдүүд гэртээ байхдаа гадаргуутай илүү их харьцдаг учраас халдвар авах эрсдэлтэй. 

Ялангуяа, хаврын улиралд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ үед маск зүүж, гараа тогтмол угааснаар урьдчилан сэргийлэх боломжтой. Гараа угаах нь дуслын замаар дамжиж байгаа халдвараас сэргийлдэг. 

Хэрэв 14 ба түүнээс дээш хугацаанд ханиалгах, хөлрөх шинж тэмдэг танд илэрвэл хурдан хугацаанд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмэнд мэдрэг сүрьеэгийн үед сар орчим хугацаанд эмчилгээ хийснээр бусдад халдвар тараахгүй болно. Ингэснээр өөрийгөө хамгаалахаас гадна бусдад халдвар тараахаас сэргийлж чадна" гэлээ.  

Сүрьеэ өвчний эмчилгээний талаар хэлэхдээ "Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээг богино хугацаанд эмчлэх эмчилгээний шинэ горим батлагдаж, манай улсад практикт хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, хоёр жилийн хугацаатай эмчилгээ есөн сар болсон. 

Дэлхийн улс оронд хийсэн судалгааны үр дүнд есөн сар эмчлэх шинэ эмийг манай улсад туршиж үзээд эмчилгээнд үр дүнтэй байна гэдгийг баталсан. Ингэснээр  эмчилгээнд орж байгаа хүндээ маш том давуу талтай болж байгаа.

Сүрьеэгийн эмийг удаан хугацаагаар ууж, эмчлүүлэх шаардлагатай байдаг учраас антибиотик эмчилгээний явцад бусад эрхтэнд гаж нөлөө үзүүлдэг. Харин эмчилгээ есөн сар болсноор энэ гаж нөлөө тодорхой хэмжээгээр буурч байгаа.Өөрөөр хэлбэл, эмчилгээг есөн сарын хугацаанд тууштай хийлгэвэл эдгэрэх боломжтой" хэмээв.