Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сэрээжав: Вьетнамд ял эдэлж байгаа дөрвөн хүний нэгнийх нь ял хөнгөвчлөгдөж, аравдугаар сарын 15-нд Монгол руу буцаах шийдвэр гарсан

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ж.Сэрээжаваас тус улс дахь монгол иргэдийн нөхцөл байдал болон ГХЯ-ны дэд сайдын айлчлалын үр дүнгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Гадаад харилцааны дэд сайдын Вьетнам улсад хийсэн айлчлал хэр үр дүнтэй болсон бэ?

- Монгол Улс БНСВУ-тай 2000 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ нь хоёр улсын хооронд шинэ үед хамтын ажиллагаагаа хөгжүүлэх суурь баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийн дагуу Монгол, Вьетнамын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин есдүгээр сарын 23-нд Вьетнам улсад хүрэлцэн ирж, Вьетнамын Гадаад хэргийн сайд Бүй Тхань Сөнтэй 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэхүү уулзалтын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярьсан.

Хоёр талын эдийн засгийн бодит салбар, худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл нь тээврийн асуудал. Вьетнам манайхаас нүүрс авах сонирхолтой. Гэхдээ нүүрсийг богино хугацаанд тээвэрлэх хэрэгцээ шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэхэд тодорхой нөхцөл бүрдүүлсэн байх шаардлагатай байгаа. 

Дэд сайд айлчлалынхаа үеэр бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тээврийн тариф хямд, богино хугацаанд хүргэх шаардлагатай учраас хоёр талын яриа хэлэлцээ хийх санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй Монгол Улсыг Вьетнамын далайн боомтоор дамжуулан далайд гарцтай болгох шинэлэг хамтын ажиллагааг хөгжүүлэх саналуудыг дэвшүүлсэн. Вьетнамын тал саналыг хүлээн авч хамтын ажиллагааг энэ чиглэлд хөгжүүлэх талаар шуурхай ажиллахаа тохиролцсон.

- Вьетнам улс маш эрчтэй хөгжиж байгааг харлаа...

- Вьетнамын Үндэсний статистикийн хорооноос 2021 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3,600 ам.доллар гэж мэдээлсэн. Сард нэг хүнд ногдох цалин 300 гаруй ам.доллар болж байна.

Вьетнам улс 100 сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд 17-д жагсаж байгаа ба 680 орчим тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байна. Дэлхийн топ 20 худалдааны эдийн засаг руу орсон. Вьетнам улс эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай улс болсон.

- Манай улсын хэдэн иргэн сурч, ажиллаж байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар манай улсын 42 иргэн сурч, ажиллаж амьдарч байгаагаас 22 нь оюутан. Вьетнам улс руу томилогдоод явахад Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол иргэдтэйгээ ойр дотно ажиллаарай, иргэддээ эх орон, эцэг эх шиг нь байгаарай. Шийдэхгүй юм аа гэхэд зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх албан даалгавар өгсөн. Тэр үүднээсээ Элчин сайдын яам иргэдтэйгээ маш ойр ажиллахыг хичээж байна. 

- Манай улсын Вьетнам улсад хоригдож байгаа иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Манай улсын дөрвөн иргэн энд ял эдэлж байна. Жилд хоёр удаа Вьетнамын Ерөнхийлөгч ял эдэлж буй иргэдэд өршөөл үзүүлдэг. Тэр болгонд Монголын ял эдэлж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх тухай хүсэлт тавьдаг. Хамгийн сүүлд хүсэлтийг долдугаар сард тавьж, Вьетнамын Дотоод хэргийн яамнаас хүсэлтэд хариу өгсөн. 

Ял хөнгөлүүлэхийн тулд тавигдах шаардлага: 

  1. Ял эдэлж буй хүн ялынхаа 50 хувийг өөрөө эдэлж дууссан байх
  2. Ял эдэлж байхдаа үлгэр жишээ байж, сахилга батын зөрчил гаргаагүй байх
  3. Ял эдэлж байгаа тухайн хүн ялаа хөнгөлүүлэх хүсэлтээ өөрөө тавих ёстой гэх нөхцөл шаардлага тавьдаг.

Одоогийн байдлаар ял эдэлж байгаа дөрвөн хүний нэгийнх нь ял хөнгөвчлөгдөж, аравдугаар сарын 15-нд монгол руу буцаах шийдвэр гарч, нутаг руу нь буцаахаар ажиллаж байна. Үлдсэн гурван хүний ялын хугацаа 50 хувьдаа хүрээгүй байгаа тул боломж нь хязгаарлагдмал байна.

Одоо Вьетнам улсын Ханай хотын цагдаагийн байгууллагад саатуулагдаад, шалгагдаж байгаа долоон иргэн бий. Тус иргэд хулгайн хэргээр саатуулагдаж, хулгай хийсэн нь нотлогдсон. Эдгээр иргэдтэйгээ уулзах хүсэлтийг хоёр удаа тавьсан ч хэрэг шалгагдаж байгаа учир уулзуулах нөхцөл бүрдээгүй болохыг хэлсэн. Иргэдэд гарсан хүндрэл байхгүй гэх мэдээлэл өгсөн. Удахгүй манай Элчин сайдын яамны Консул хариуцсан ажилтан иргэдтэй уулзана.