Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: Одоогийн байдлаар 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг танилцуулах уулзалт өнөөдөр болсон.

Энэ үеэр тус вакциныг тойрсон асуудлаар мэргэжилтнүүдээс товч тодрууллаа.

- Коронавируст халдварын эсрэг вакцинд 5-11 насны хэдэн хүүхэд хамрагдсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: - Монгол Улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Ингэхдээ дөрвөн улсад үйлдвэрлэсэн нийт найман сая гаруй хүн тун вакциныг оруулж ирж, дархлаажуулалтад хэрэглэсэн.

Одоогоор зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан үр дүнтэй байна. Мөн оны наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд одоо гурав, дөрөв дэх нэмэлт тунг хийж иргэд сайн дураараа вакцины цэгүүд дээр хийлгэж байгааг хэлье.

Түүнээс гадна энэ оны наймдугаар сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгээр дархлаажуулж байна. Одоогийн байдлаар 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд зарим хүүхэд хоёр дахь тунгаа хийлгээд явж байгаа.

- Цаашид коронавирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд нэгтгэх боломжтой юу?

Д.Баярболд: - Ер нь цар тахлын дэгдэлт нутагшмал байдалд шилжиж байна гэж үзэж буй. Иймд цаашид уг вакцин нь жил бүр хийдэг улирлын томуугийн вакцин шиг болох уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Харин коронавирусийн эсрэг вакциныг товлолт вакцин шиг хийнэ гэсэн шийдвэр гараагүй. Энэ бол тухайн халдварын тархалт, нөхцөл байдлаас хамаардаг асуудал.

- Вакцинаас болж цус өтгөрсөн, толгой өвддөг болсон, бүр амь насаа алдсан гэх яриа иргэдийн дунд түгээмэл байсаар байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: - Коронавирусийн эсрэг вакцины бүүстер тун, хүүхдийн вакцинжуулалтын эрч хангалттай биш байна. Тодруулбал, иргэдийн дунд ялангуяа цус өтгөрөлттэй холбоотой мэдээллүүд байгаагаас хамаарч вакцинд хамрагдах эрч нь буурсан тал бий.

Энэ талаарх судалгаа шинжилгээг манай улсад гэлтгүй олон улсад хийгдэж байгаа. Гэхдээ цус өтгөрөлтөд нөлөөлж байгаа гэсэн үр дүн аль вакцины хувьд гараагүй байна. Өөрөөр хэлбэл, цус өтгөрөлт яг вакцинаас хамаарч байна гэх үндэслэл гараагүй тул иргэд вакцинд идэвхтэй хамрагдах шаардлага бий.

Вакцины дараах эрт болон хожуу үеийн хүндрэлийг бүртгэдэг цахим тогтолцоо манай улсад байдаг.