Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч нас барсан конгрессын гишүүнийг сураглав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт болсон өлсгөлөн, хүнсний шим тэжээлийн асуудлаарх чуулганд оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нас барсан конгрессын гишүүний хаана байгааг сураглаж, тэнд байсан хүмүүсийг гайхшируулжээ.

Уг арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр намын хууль тогтоогчдод Байден талархал илэрхийлэх үеэрээ бараг хоёр сарын өмнө автомашины ослоор нас барсан Индиана мужийн төлөөлөгч агсан Жэки Валорский хаана байгааг асуусан байна.

“Жэки, чи энд байна уу? Жэки хаана байна? Би түүнийг энд ирсэн гэж бодож байлаа” гэж Байден хэлжээ.

Жэки Валорский наймдугаар сарын 3-ны өдөр хоёр туслахынхаа хамт Индиана мужид автомашинаар зорчиж яваад осолдсон юм.

Өчигдөр сэтгүүлчид Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөс ерөнхийлөгч яагаад нас барсан хүнийг хайж, сураглаж байсныг тодруулжээ.

“Ерөнхийлөгч энэ асуудал дээр голлон ажиллаж байсан конгрессын гишүүний зүтгэлийг үнэлж явдгаа харуулсан хэрэг юм. Бодол санаанаас нь гарахгүй байгаа хүний нэрийг дуудах нь хэвийн үзэгдэл гэж би бодож байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан Пьер тайлбарласан байна.

Гэхдээ бодол санаанаас нь гарахгүй байгаа нэгэнтэй амьд мэт харьцах гайхмаар байсныг нэг сэтгүүлч хэлэхэд Жан Пьер “Олон хүн санан дурсаж байгаа хүнтэйгээ ярилцдаг. Энэ бол гайхаад байхаар зүйл биш” гэж Байденыг өмөөрчээ.

Лхагва гарагт Цагаан ордноос зохион байгуулсан чуулганыг санаачлагчдын нэг нь Жэки Валорский байсан юм. Байден энэ чуулганд оролцохдоо АНУ-ын засаг захиргаа 2030 он гэхэд хүн амын хэт таргалалт, өлсгөлөнг устгах төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Bloomberg