Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын олигархиудаас хураасан эхний завийг $37.5 саяар заржээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч Путиний ойрын хүрээллийн олигархиуд Өрнөдийн хоригоор шийтгүүлж, эд хөрөнгөө хураалгаж байгаа.

Тэгвэл тэднээс хураасан тансаг ангиллын завинуудын эхнийх нь өчигдөр дуудлага худалдаагаар $37.5 саяын үнэ хүрчээ.

72.5 метр урт Axioma завийг Оросын гангийн үйлдвэрлэлийн магнат Дмитрий Пумпянскийгаас энэ оны гуравдугаар сард хураасан юм.

Тухайн үед Пумпянский нь Их Британи, АНУ, Европын Холбооноос зарласан эдийн засгийн хоригт багтаад байжээ.

Усан сан, 3D кино театр, фитнес клуб бүхий Axioma завийг АНУ-ын JP Morgan банкны хүсэлтээр хурааж, зарсан байна.

Учир нь Пумпянский нь өртэй байсан ба хоригийн улмаас өрөө төлүүлэх боломжгүй болсон тул завийг саатуулах хүсэлтийг JP Morgan банк Гибралтарын шүүхэд гаргаж байжээ. Гибралтар нь Их Британийн захиргаанд багтдаг бүс нутаг юм.

Axioma завийг худалдаж авах хүсэлт 63 хүнээс ирснээс хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд худалджээ.

Хуулийн дагуу худалдан авагчийн нэрийг зарлах боломжгүйг Гибралтарын захиргаа тайлбарласан байна.

Дмитрий Пумпянский нь Оросын төрийн өмчит Газпром компанийн ханган нийлүүлэгч ОАО ТМК гангийн үйлдвэрийн эзэн юм.

Путиний ойрын хүрээллийн хүмүүсийн нэг гэгддэг Пумпянскийн хөрөнгийн хэмжээг $2 тэрбум орчим гэж тооцоолдог байна.

Axioma завийг дизайнер Альберто Пинтогийн гаргасан загвараар 2013 онд Туркийн Dunya Yachts компанид үйлдвэрлэж байжээ.

Эхлээд Red Square (Улаан талбай) нэртэй байсан завиа Пумпянский чинээлэг хүмүүст долоо хоногийн $558,500-аар түрээслүүлдэг байсан гэх мэдээлэл бий.

 

Эх сурвалж: The Guardian